Монгол Улсын Сангийн сайд Б.Болор өнөөдөр Канад Улсын Гадаад хэргийн дэд сайд Даниел Жинийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд хоёр улсын эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааны боломж, бүс нутгийн болон дэлхийн эдийн засгийн хөгжлийн хандлага, манай улсын эдийн засгийн өнөөгийн хүндрэлийг даван туулахад Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй санхүү, төсвийн бодлого, төлөвлөлтийн талаар харилцан санал солилцсон бөгөөд хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хүний нөөцийг хөгжүүлэх болон уул уурхайн салбарыг хөгжүүлэх хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгааг онцлон тэмдэглэсэн байна.

Мөн уулзалтын үеэр Сангийн сайд Б.Болор Монгол Улс Канадын олон улсын хамтын ажиллагааны агентлагийн “хөтөлбөрт хамрагдах” орнуудын жагсаалтад орсонд таатай байгаагаа илэрхийлж, тус улсын анхны хөтөлбөр олборлох салбарыг чадавхижуулах төслөөр эхэлснийг онцлон тэмдэглэсэн юм.