Энэ удаагийн улстөрийн сонгуульд “иргэд идэвхтэй оролцохгүй байх вий” гэдэг айдас улстөрчид болон Сонгуулийн хорооныхонд байна. Сонгууль ирэх бүр санал өгөх иргэдийн тоо буурсаар байгаа юм билээ. Үүний учрыг улстөр судлаачид тайлбарлахдаа “улс төрийн намуудын худал амлалт, өрсөлдөгчөө унагах гэсэн хар бараан Пи Ар, саналыг мөнгөөр худалдаж авах гэсэн оролдлого хийдэг” зэрэг нь гол шалтгаан болж байгаа бөгөөд энэ удаагийн сонгуулийн ирц бүрдэхгүй байхад өнөөгийн улстөр, эдийн засгийн байдал нөлөөлнө гэжээ.

Одоогийн байдлаар иргэд улстөрчдөөс залхсан бөгөөд парламентад суудалтай намууд дотооддоо зөрчилдсөн байдалтай байна. Мөн иргэний нийгмийн байгууллагуудын тоо олширсон, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч, олон жил засгийн эрхэнд байсан нөхдийн худал амлалтаас тэд нэгэнт залхсан байгаа нь энд тэнд үгээ хэлж буй хүмүүс болон сошиалд идэвхтэй байдаг иргэдийн ярианаас ажиглагдаж буй.

Өнгөрсөн сонгуулиудын үеэр хэн мөнгөтэй нь санал авч, ялалт байгуулдаг зүйл ил байлаа. Тиймдээ ч УИХ-ыг бүрдүүлж буй гишүүдийн ихэнх нь томоохон уул уурхай, барилга, санхүү, бизнесийн байгууллагуудын эзэд байдаг. Гэтэл тэд өнгөрсөн дөрвөн жилд иргэдийн сэтгэлд хүртэл ажиллаж чадаагүй гэдгийг хэн хүнгүй хэлнэ. Тэгэхээр хаширсан иргэд энэ удаа худал амлалт, таван төгрөг, талх гурил будаа зэрэгт хууртахгүй зөв сонголт хийх магадлал бас бий шүү дээ.

Ямартай ч сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр мөнгө тарааж, ялалт байгуулсан гишүүнийг эргүүлэн татдаг дүрэмтэй болсон байгаа болохоор иргэд болон нэр дэвшигчид энэ удаа ухаантай алхам хийх биз ээ.

Гэхдээ сонгуулиар аль намд санал өгөх вэ гэдэг сонгуулийн судалгаанд оролцож буй иргэдийн ихэнх нь “мэдэхгүй” гэдэг хариулт хэлж байгаа гэх мэдээлэл бий.

Хамгийн сүүлд гэхэд л “SBN” телевизийн сурвалжлагаас харж байхад нэг иргэн “Яг үнэндээ өгчихөөр хүн байхгүй байна. Хэнд нь өгөхөө ч мэдэхгүй байна” гэсэн бол нэг нь “Сонгууль өгөх үүрэгтэй л дээ өөрийнхөө сонгох асуудлаа зөв шийдэх хэрэгтэй. Сонгууль өгнө намаар нь ялгаад байх шаардлага байхгүй. Ямар салбарт юу хийсэн хүн бэ гэдгээр нь харж санал өгнө” гэв. Харин нөгөө нэг нь “Иргэнийхээ үүргийг биелүүлэх ёстой гэж боддог тэгэхээр сонгууль өгнө” гэсэн бол “Хүний эрхийн асуудал, Сонгууль өгөхгүй ч байж болно. Энэ сонгуульд орохгүй гэж бодож байгаа.

Сонгосон хүмүүс олигтой юм хийж чадахгүй итгэл алдлаа” гэж нэг нь хэлэв. Өөр нэг нь болохоор “Шинээр ямар хүн гарч ирэх нь үү харж байгаад л болно доо” гэв. Сонгууль өгөх үүрэг байдаг ч оролцохгүй байх эрхтэй иргэд ийм байдлаар сонгуульд хандаж, Сонгуулийн ирц бүрдэхгүй бол дахин сонгууль болно. Ингэхээр татвар төлөгч жирйин иргэдийн халааснаас гарч буй мөнгөөр дахин сонгууль зохион байгуулж явуулна гэсэн үг. Тэгэхээр иргэд таны итгэл үнэмшил,сонголт бас сонгоогүй зэрэг шалтгаан нь эргээд таны л амьдралд нөлөөлнө гэдгийг хатуу анхаарах хэрэгтэй биз ээ.

Н.Ганаа