Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчидтэй уулзлаа.

Тэрээр хэвлэл мэдээллийн байгууллагуудтай зөвхөн мэдээллээ түгээлгэх хүрээнд бус ард нийтийн эрүүл мэнд, эрүүл амьдрах ур чадвар, эрүүлийг хамгаалах чиглэлийн соён гэгээрүүлэх үйлсэд ч хамтран ажиллахыг хүсэж байгаагаа илэрхийлэн, сэтгүүлчдээс ямар хэлбэрээр хамтран ажиллаж болох талаар санал солилцов.

Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа хэлэхдээ, “ Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудтай уулзах энэхүү арга хэмжээг уламжлал болгож, Эрүүл мэндийн яам болон эрүүл мэндийн салбарт ямар үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаагаа нээлттэйгээр мэдээлж байх болно. Бүхий л талаар сэтгүүлчидтэй хамтран ажиллах боломж байгаа. Аль ч салбар сайнтай муутай байдаг. Тэглээ гээд нэг талыг барьж хэт магтах, эсхүл муулж, дайрах нь чухал биш юм. Гол нь тэнцвэртэй, үнэн бодит мэдээллийг олон нийтэд түгээх хэрэгтэй. Ингэхийн тулд манай яамны зүгээс шаардлагатай мэдээллийг түргэн шуурхай, цаг алдалгүй өгч, хамтран ажиллах боломжоор хангахыг хичээж ажиллана” хэмээв.

Эрүүл мэндийн удирдлагын чиглэлээр Докторын зэрэг хамгаалан, эрүүл мэндийн салбарын бүх л шатанд ажиллаж байсан туршлагатай хүн яамны Төрийн нарийн бичгийн дарга болоод ажлаа сэтгүүл зүйн салбарынхантай уулзан, үйл ажиллагаагаа ард иргэдэд илүү ойр болгон сурталчлан түгээх, олон нийтэд ойрхон соён гэгээрүүлэх ажил хийхээс эхэлж байгаа нь энэ салбарт үнэхээр шинэчлэл гарахнээ гэсэн таатай сэтгэгдэл төрүүлж буйг сэтгүүлчид илэрхийлэв. Мөн тэд эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг дэмжин, идэвх санаачлагатай ажиллахаа хэлж байсан юм.