УИХ-аар сонгуулийн тухай хуульд жижиг мажоритараар сонгуулиа явуулах заалтыг орууллаа.

Мөн эмэгтэй нэр дэвшигчид 30 хувьд нь нэр дэвшинэ гэдгийг 20 хувь руу буурууллаа. Хэдийгээр намуудын эмэгтэйчүүд үүнийг эсэргүүцсэн ч тоосонгүй.

Монгол улсын улс төрийн бодлого тодорхойлох дээд төвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл туйлын хангалтгүй байгаа тухай тун олон жил яригдаж ирсэн. Энэ удаа ч дахиад л яригдаад эхэллээ.

Эмэгтэйчүүдийн оролцоог ихэсгэх тухай асуудлыг байнга хөндөж ирсэн хүмүүсийн тоо ч улам бүр өссөөр ирсэн байдаг.

Өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа парламентын түүхэнд байгаагүй олон эмэгтэй гишүүн сонгогдсон. 11 эмэгтэй УИХ-ын гишүүн болж, улс орны нийгэм, эрүүл мэнд, эмэгтэйчүүдийн асуудлыг түлхүү ярьж, энэ чиглэлээр ажилласныг өнгөрсөн жилүүд харуулж байгаа.

Эдгээр 11 эмэгтэй гишүүний 40 хувь нь л намын жагсаалтаар орж ирсэн. Өөрөөр хэлбэл, дийлэнх нь тойргоос сонгогдсон гэсэн үг. Тэгэхээр эмэгтэйчүүд намын жагсаалттай байсан учраас л парламентад олуулаа орж ирсэн гэх өрөөсгөл ойлголтыг халах хэрэгтэй.

Харин квотын хувьд УИХ-д хуульчилж оруулж ирэх нь хамгийн чухал юм. Ингэхдээ 30 хувь байсан квотыг 20 болгох нь эмэгтэйчүүдийг алагчилж буй хэлбэр гэж үзэхээс аргагүй.

Уг нь 2005 онд эмэгтэйчүүдийн төлөөллийг ихэсгэхээр бүр сонгуулийн хуульд 30 хувийн босго тогтоож өгсөн ч 2007 оны сүүлээр АН-ын одоогийн дарга, УИХ-ын гишүүн З.Энхболд, тухайн үеийн МАХН-аас УИХ-д сууж байсан гишүүн Р.Нямсүрэн нар санал гарган эрчүүд олонхиороо цуцалж байлаа. Энэ удаад ийнхүү давтагдлаа.

Манай улс 1996-2000, 2000-2004 оны парламентад тус бүр 8 эмэгтэй гишүүнтэй байж. Харин 2004-2008 оны УИХ-д 5 байсан бол 2008-2012 онд 3 эмэгтэй гишүүнтэй байсан.

Мөн өмнөх Засгийн газарт нэг л эмэгтэй жинхэнэ сайдаар дөрвөн эмэгтэй дэд сайдын албыг хашиж байсан бол одоо хоёр эмэгтэй сайдтай байгаа.

Өмнөхөөсөө эмэгтэйчүүдийн улстөр дэх оролцоо нэмэгдсэн харагдаж байгаа ч хангалтгүй тоо гэдэг дээр олон хүн санал нийлж буй.

Монголын нийт хүн амын 51,7 хувийг бүрдүүлдэг эмэгтэйчүүд 1992 оноос хойших УИХ-ын таван удаагийн сонгуулийн үр дүнгээр парламентын суудлын дөнгөж 4-18 хувийг эзэлж иржээ. Сонгогчдын санал парламентад төлөөлөл болон орж чадахгүй гээгддэг, мөнгөний хүчин зүйл, нийгмийн сэтгэлгээний жендэрийн мэдрэмжгүй байдал зэрэг бэрхшээл эмэгтэйчүүдийг сонгогдоход саад учруулдаг болохыгярьсаар ирэв.

УИХ-аас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль баталсан. Сонгуулийн хуульд оруулна гэсэн амлалтаар уг хуульд эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг тусгалгүй үлдээсэн. Гэхдээ өнгөрсөн сонгуулиар намууд нийт нэр дэвшигчдийн 20-25 хувийг эмэгтэйчүүдэд өгч байсан.

Мөнгөнөөс хараат, эрчүүд давамгайлсан улс төрийн тогтолцоог шинэчилж, сонгогчдын боловсролыг дээшлүүлж, эмэгтэйчүүдийн үнэлэмжийг нэмэгдүүлэх учиртай тухай ч бас ярьдаг юм. Монголд өрх толгойлсон эмэгтэйчүүдийн давхарга үүсч, 73 мянган эмэгтэй өрх толгойлж байна гэсэн судалгаа ч байдаг байна.

Ер нь УИХ-д 10-15 эмэгтэй гишүүн байхад улс төр хийх нөхцөл бололцоо үүсэхээр тооцоолсон нь бий. Гэвч энэ удаагийн УИХ дахь 11 эмэгтэй гишүүн албан бус бүлэг байгуулсан ч тодорхой шийдвэрлүүлж чадсан асуудал ховор.

УИХ-ын гишүүн зарим эрчүүд эмэгтэйчүүдийн квотыг дэмжиж буй ч дэмждэггүй нь түүнээс олон. Зарим хүн эмэгтэй хүн улстөрд ороод яадаг юм харин гэр орондоо сууж, хүүхдээ өсгөвөл барав гэсэн байдлаар ханддагаа огт нуудаггүй.

Зарим эмэгтэй улстөрчид ч өөртөө хэт итгэчихээд квотоор яах юм нэрээ дэвшүүлж өрсөлдөөд л ялаад гарна шүү дээ гэх нь бий. Тэгэхээр УИХ-ын сонгуулийн хуульд эр зоригийн үүднээс хандаж эмэгтэйчүүдийн квотыг оруулах асуудал бол тулгамдсан асуудал гэдэг нь эндээс харагдаж байна гэж үзэх хүмүүс цөөнгүй байна.

Эцэст нь З.Энхболд дарга нэг удаа өөрөө санаачлан эмэгтэйчүүдийн квотыг бууруулж байсан бол энэ удаа УИХ-ын даргын хувьд бууруулах асуудлыг алх цохин баталгаажуулсан. Тиймээс түүнийг эмэгтэйчүүдэд ээлгүй Зи гэлцэж байна.

Г.Самбаа

gereg.mn