Сүхбаатар дүүргийн I хороо буюу Төв номын сангийн замын эсрэг талд Олон улсын банк санхүүгийн барилгын зориулалт бүхий 26 давхар барилга баригдаж байгаа. Дэлхийн стандартаар баригдаж байгаа, хотын үзэмжинд өнгө нэмэх энэ барилга 2017 онд ашиглалтад орох юм билээ. Харамсалтай нь зарим нэг асуудал үүссний улмаас ойлгомжгүй байдал үүсээд байгаа ажээ.

Уг барилгыг “Монголиа Проперти Девелопмент” ХХК-ийн захиалгаар “Шинэ зуун барилга ” ХХК ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Олон улсын банк санхүүгийн барилгын газар доор хоёр давхраас тэг давхар хүртэл барих гэрээг талууд үзэглэсэн байдаг. Уг гэрээний хүрээнд 2012 оноос суурь цутгалтын ажлыг эхлүүлсэн бөгөөд ажлаа 2015 оны 8-р сард ажлаа дуусгасан байна. Гэвч захиалагч тал барилга үргэлжлүүлэн барих ажилд тендер зарлана хэмээн алга болсон бөгөөд таван сая гаруй ам.доллар өгөх дээрээ “луу унжсаар” гурван жил болж байгаа юм. Гүйцэтгэгч компанидаа санүүжилтээ өгөхгүй байгаа захиалагч тал уг барилгын талбайд өөр барилгын компани оруулаад байна. “Грийт гоулд стар” ХХК захиалагч компанитай гэрээ хийсэн хэмээн уг барилгын талбайд зөвшөөрөлгүй орж ирээд байгаа юм. Улмаар үйл ажиллагаа хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхгүй “түгжилдэж” байгаагийн дээр ойр орчимд эрсдэлтэй байж мэдэхээр нөхцөл үүсгэжээ. Үүгээр ч зогсохгүй ажилчид нь дуртай газар бие засан, орчин тойрныг бохирдуулсаар байгаа юм. Энэ нь эрүүл ахуйг зөрчөөд зогсохгүй, хөдөлмөр хамгаалал, барилгын тухай хууль, галын аюулгүй байдлын тухай хууль зэргийг ноцтойгоор зөрчиж байгаа юм. Тиймээс “Шинэ зуун барилга ” ХХК дүүргийн цагдаа, мэргэжлийн хяналт, дүүргийн онцгой байдлын хэлтэст хандаад байгаа ажээ.

Хэдийгээр энэ нь хоёр, гурван компанийн үл ойлголцол мэт харагдаж байгаа ч цаана нь 500 гаруй ажилчний гурван жилийн цалин хөлс, туслан гүйцэтгэгч компанийн санхүүжилтийн асуудал үүсээд байна. Тиймээс “Шинэ зуун барилга” ХХК эсэргүүцлээ ийнхүү илэрхийлээд байна.

 

Өнөөдрийн байдлаар тухайн барилгын талбайд хоёр компанийн ажилчид нэгнээ хөөж байна. Харин энэ асуудлыг ингэтэл нь хүндрүүлэхгүйгээр хариулт өгөх учиртай “Монголиа проперти девелопмент” ХХК-ийнхан мэдээлэл өгөхгүй, удирдлага гадаадад байгаа хэмээн халгаасангүй. Хэдий болтол ийм байдалтай байх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Тиймээс энэ асуудалд хариуцах ёстой төрийн байгууллагууд нь анхаарал хандуулаад ерөнхий болон туслан гүйцэтгэгч 20 орчим байгууллагын 500 гаруй ажилтны цалин хөлсө, санхүүжилтын асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулах нь зүйтэй биз...

Уул уурхай бол газар шороо сэндийчээд, хамаг баялгийг хуу хамаад гадагшаа гаргаж байгаа нөхдүүдээ дэмжээд байдаг хэрнээ эх оронд маань үлдэцтэй, бүтээн байгуулалт хийж байгаа компаниудаа дэмждэггүй юмаа гэхэд энэ мэт асуудалд нь анхаарал хандуулаад ажиллахад буруудах зүйлгүй л байх.

А.Баярмаа