-ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫНХААС 10 ДАХИН ӨНДӨР ТӨЛБӨРТЭЙ ДУНД СУРГУУЛЬ Ч ОЛОН БАЙНА-

 

Монгол Улсын төрийн болон хувийн өмчийн дунд сургуулиудын ялгааг нэрнээс нь харахад андашгүй. Улсынх нь 1-ээс эхлээд тоогоор нэрлэгддэг бол хувийн сургууль тухайн хөрөнгө оруулагч орон, хувь хүний онцлогоос хамаарч өөр нэртэй байдаг. Мөн Монгол Улсад бүрэн дунд боловсролыг төрөөс үнэ төлбөргүй олгодог. Гэтэл хувийн сургуулиуд эцэг, эхчүүд болон хувийн байгууллагаас санхүүждэг. Өөрөөр хэлбэл, боловсролын салбарт ашгийн бизнес явж эхэлсэн гэсэн үг. Сүүлийн үед өндөр төлбөртэй хувийн дунд сургууль олноор бай-гуулагдаж, чамгүй тооны хүүхэд суралцаж, боловсрол эзэмшиж байна.

 

Гэхдээ хувийн сургуулийн төлбөр харьцангуй өндөр. Улаанбаатар хотод төрийн болон төрийн бус өмчийн 214 дунд сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас 124 нь төрийн өмчийн, үлдсэн нь хувийнх аж. Эдгээр хувийн сургуулийн төлбөр 1.5-аас 50 сая төгрөгийн хооронд байна. Харин манай улсын их, дээд сургуулийн төлбөр сайндаа л 2.5-3 сая төгрөгт багтдаг. Магистрийн төлбөр жилд 3.5-4 сая төгрөг. Гэтэл дунд сургуулийн төлбөр түүнээс даруй 10 дахин их байгаа нь хүмүүсийн сонирхлыг татдаг. Иймээс улсын эсвэл хувийн сургуульд суралцах нь хувь хүний өөрийн сонголт, эдийн засгийн чадавхиас шалтгаална. Их, дээд болон хувийн дунд сургуулиуд инфляцтай уялдуулж сургалтын төлбөрөө нэмдэг гэж тодорхойлдог. Гэтэл 2014 оны дөрөвдүгээр сарын статистик мэдээгээр 12.4 хувьтай гарч байсан инфляц хоёр жилийн дараа буюу 2016 оны дөрөвдүгээр сард 2.0 орчим хувьтай болсон байхад сургалтын төлбөр буурсангүй. Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын сургалт хариуцсан хэлтсийн дарга Ц.Жаргалантуул “Сургалтын төлбөрийн хэмжээг тухайн сургуулийн удирдах зөвлөл тогтооно гэж заасан байдаг. Үүний дагуу төлбөрөө тогтоож байна. Түүнээс биш яг төд байлга гэж хэлэх хууль зүйн үндэслэл бидэнд байхгүй” гэв. Харин эцэг эхчүүдэд тэр хэмжээний төлбөрт хүүхдүүд нь ямар боломж эдлэх, хэр чанартай боловсрол эзэмших вэ гэсэн асуулт тулгарна. Мэдээж өндөр төлбөрт таарсан сургалт, хичээлээс гадуурх дугуйлан, адаглаад ямар нэгэн хэлийг төгс эзэмшээд гарах нь тодорхой. Харин улсын гэх тодотголтой сургуульд суралцаж буй хүүхдийн энэ байдал эсрэгээрээ байдаг. Өнөөдөр БСШУЯ-наас улсын, хувийн ялгаагүй “Цөм” хөтөлбөрөөр сургалтаа явуулахыг шаардаж байгаа. Гэвч хувийн болон төрийн өмчийн сургуулийн дунд асар их ялгаа бий.

 

ТӨРИЙН СУРГУУЛЬ АЧААЛАЛТАЙ АЖИЛЛАДАГ Ч СУРГАЛТЫН ЧАНАР САЙН

 

Төлбөр авдаггүй, төсвөөс санхүүждэг улсын сургуулиудад зовлон бэрхшээл багагүй байдаг. Материаллаг бааз дутмаг, сургуулийн орчны тохижилт муу, анги дүүргэлт хэтэрч гурван ээлжээр хичээллэх, нэг ширээнд сурагчдыг гурваар нь суулгах зэрэг асуудал хангалттай бий. Ийм нөхцөл бүхий сургуулиудыг жилийн хэдэн сая төгрөгийн төлбөртэй хувийнхантай харьцуулахад учир дутагдалтай. Наад захын жишээ дурдахад төрийн өмчийн сургуулийн сурагч “Үдийн цай”-даа өдөрт 600 төгрөгийн боорцог, жүүс идэж ууж байхад хувийн сургуулийн сурагчид 1300-4300 төгрөгийн хоол идэж байна. Мөн сургууль руугаа явахын тулд олон км алхах, дээр нь нэмэлт дугуйланд хамрагдах боломж төдийлөн байдаггүй гээд тоочоод байвал учир дутагдалтай зүйл олон. Харин хувийн сургуулийнхан өндөр төлбөр авч байгаагийнхаа хэрээр хүүхдийн сурлага, хүмүүжил, сурах орчин, заах арга барилд өндөр шаардлага тавьдаг. Үүний хэрээр сургалтын чанар сайн байдаг хэмээн тайлбарладаг. Гэхдээ сурлагын чанарын хувьд улсын сургуулиуд хувийнхыг бодвол харьцангуй олон төгсөгчтэй. Төгсөгчид олон байх тусмаа тэдний сурлагын төвшин харилцан адилгүй. Сайн сурагч нь хувийн сургуулийн төгсөгчдөөс дутахааргүй олон бий. Заримдаа илүү байх тохиолдол ч цөөнгүй. Нийслэлийн Боловсролын газрын сургалт хариуцсан хэлтсийн дарга Ц.Жаргалантуул “Тухайн багш үндсэн хичээлээ заахаас гадна өөр ямар авьяастай байна, тэр чиглэлээрээ дугуйлан, секц явуулах боломжтой. Энэ утгаараа дугуйлан секцийн тоо нэмэгдэж байгаа. Мөн сургууль ямар нэг байгууллагад түшиглэн дугуйлан, секц явуулах эрхийг нь нээсэн. Үүний үр дүнд дугуйлан, секцэд хамрагдах хүүхдийн тоо ч нэмэгдсэн. Гэхдээ төрийн өмчийн сургуульд хүндрэлтэй зүйл нь анги дүүргэлт, ээлжийн коэффицент өндөр учир тэр болгон хичээллэх боломж бага байдаг. Сургалтын чанарын хувьд ЭЕШ-аас харахад төрийн өмчийн олон сургууль эхний байрт жагсдаг. Хувийн сургуулиуд бүгд түрүүлсэн зүйл байхгүй. Үүнээс харахад төрийн сургууль ачаалалтай ажиллаж байгаа ч хүүхдүүдийн сургалтын чанар сайн байна” гэв.

 

ХУВИЙН СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЖЭЭ

 

Улсын дунд сургуулийг бодвол хувийн сургууль төлбөртөө дүйцсэн боломж, үйлчилгээг сурагчдад үзүүлдэг. Жишээлбэл, анги дүүргэлт харьцангуй бага, хичээлээс гадуурх сонгох хичээл дугуйланд хамрагдах, гадаадад суралцах гээд боломж их. Тиймээс зарим хувийн сургуулийн талаар товчхон хүргэлээ. “Гёте” дунд сургуулийн бүртгэл өнгөрсөн сард эхэлсэн бөгөөд герман, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай. Бага ангийн жилийн төлбөр 4.5 сая төгрөг. Англи, герман хэлийг нэгдүгээр ангиас сонгон үздэг, V ангиасаа хоёр хэлийг зэрэг судлах боломжтой аж. Автобусны үйлчилгээ, өдөр өнжүүлэх төвтэй. Нэг ангид 15-20 сурагч сурдаг байна. Мөн Герман улс дахь сургуулиудад сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой гэнэ. Харин “Орчлон” дунд суургууль нь англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, жилийн төлбөр 10 сая төгрөг. Нэг ангид 26 хүүхэд сурдаг. Сурагчдын хувьд авьяас чадвараа хөгжүүлэх нэмэлт дугуйлан, секц, сонгох хичээлүүд явуулдаг байна. Мөн Монголд анх удаа Кембриджийн сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлсэн бөгөөд дунд, ахисан шатны сургалтуудыг бага, дунд, ахлах ангиуддаа бүрэн нэвтрүүлсэн байна. Плехановын нэрэмжит сургуулийн I ангийн сургалтын төлбөр 2.9 сая төгрөг, бэлтгэл ангийн төлбөр сарын 250 мянган төгрөг аж. Тус сургуулийн бүх хичээлийг орос хэлээр явуулдаг аж. Өмнөх жилүүдэд I ангид элсэгчдийг хавар бүртгэдэг байсан ч хичээлийн жил эхлэхэд хамран суралцах харьяаны бус хүүхдүүд нэмэгдэж, замбараагүй байдал үүсдгээс бүртгэлийг ирэх наймдугаар сарын 22-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна. Харин дээрх хувийн сургуулиудын бүртгэл хэдийнэ эхэлжээ.

 

М.Энхцэцэг