Британийн хөгжмийн дээд шагналын эзэн, залуусын зүрх сэтгэлд "Sorry Seems To Be The Hardest Word", "All Rise", "Fly By" "One Love" зэрэг олон сайхан хит дуунаараа хоногшуулж үлдээсэн алдарт "BLUE" хамтлаг "EVENTO" компанийн урилгаар Манай улсад айлчлан тоглохоор болсон билээ.

   Тэгвэл энэхүү гайхалтай хамтлагийн тоглолт болоход ердөө 3 хоног үлдлээ. Тэдний тоглолтийн тайзны бэлтгэл ажил өчигдөр оройноос эхэлсэн ажээ. Одоогоор Төв цэнгэлдэх хүрээлэнд тус хамтлагийн тоглох тайзыг засаж эхэлсэн бөгөөд тус хамтлагийн инженер техникийн ажилтанууд энэ сарын 13 буюу тоглолтын өмнөх өдрийн өглөөний 6 цагт Чингис хаан ОУНБ дээр газардах юм. Харин хамтлагийн гишүүд болон арын албаны зарим хүмүүс мөн өдрийн орой 17 цагт Монголд ирнэ.

Тэднийг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтанууд, Blue хамтлагийн фэнүүд тосож жагсаалаар нийслэлийн зүг хөдлөх юм. Тоглолтын тасалбар борлуулалт үндсэндээ дуусч байгаа бөгөөд цөөн тоотой үлдсэн гэнэ. Тоглолтыг зохион байгуулалтын хувьд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын шоу, концертийн хэв загварт нийцүүлэн өндөр түвшинд жишиг болгон зохион байгуулахаар ажиллаж байгаа юм байна.

Тухайлбал энэхүү тоглолт нь "Мандал Женерал Даатгал" компаниар бүрэн даатгагдсан бөгөөд "BLUE" хамтлагийн тоглолтын тасалбар худалдан авсан үзэгч бүхэн хамрагдан хамгаалагдаж байгаа аж.