Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өнөөдөр 14:00 цагт Монголньюс мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тэрбээр “2023 он хүртэл 10 жилийн хугацаатай АНУ-ын виза байгаа. Үүнийхээ хүрээнд Эйр маркетаар үйлчлүүлээд билетээ авчихсан байсан.

2016.05.26-ны өдрийн 11:15 цагт АНУ-ын Вашингтонд буух миний билет энэ байна. Нислэгийн визийг энэ сарын 24-нд авсан байсан. Тасалбар авснаас хойш янз бүрийн хүмүүс над руу “Дүрвэх гэж байгаа юмуу, больчихвол яасан юм, үр хүүхэд чинь үлдэх үү? Аюултай юм биш үү ” утасдаж байсан. Өчигдөр шөнийн нислэг тэй байхад 20:00 цаг өнгөрч байхад ЭЦГ-аас ахмад н.Баасанжав гэх хүн утасдаж, ирэхгүй бол албадан авч ирнэ гэсэн. Очтол шууд надад эрүүгийн хэрэг үүсгэж, хилээр гарах эрхийг маань хаах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Надаас байцаалт авна гэхэд нь би өгөөгүй. Яагаад гэхээр надад үүсэж байгаа энэ эрүүгийн хэргийн талаар би мэдэхгүй байна, хүлээн зөвшөөрөхгүй байна, өмгөөлөгч авна, иргэний эрхээ эдэлнэ гээд байцаалт өгөлгүй гарч ирсэн. Надад Эрүүгийн хуулийн 148.4-т заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдгээ танилцуулсан. 148 дугаар зүйл.Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах: 148.4.Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн ийм зүйл ангийг надад сонсголоо.

Энэ нь залилангийн гэмт хэрэг дотроо хүндрүүлсэн онц хүнд гэмт хэрэг юм байна. Яагаад залилан хийсэн бэ гэхээр Тэр нь юу байсан бэ аль нэг хэвлэлийн байгууллага зар сурталчилгааны гэрээ хийдэг. 2013 онд "МИАТ" төрийн өмчит компанитай хийсэн зар сурталчилгааны гэрээг гаргаж ирээд онц их хэмжээний мөнгийг бүлэглэн залилсан гэснээс болоод нисэж чадсангүй ээ. Вашингтонд очоод Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн багт гишүүнээр элсэх, хамтран ажиллах гэрээ байгуулах, оффшор данстай 49 хүний баримтыг эх хувиар нь авч нэвтрүүлгийнхээ 2-р ангийг хийх байсан.

Хэвлэлийн хурал хийх болсон нэг шалтгаан бол миний талаар гарсан ташаа мэдээлэл. Сайтуудаар худал мэдээлэл гараад эхэлсэн байна. Би 17 жил огт юу ч дуугараагүй. Намайг гүтгэж л байдаг, доромжилж байдаг. Гэр бүл, найз нөхдөөр мань дарамталдаг, утсыг маань чагнадаг. Би Монгол улсын иргэн хүн эрхээ хамгаалах хэрэгтэй юм байна гэж бодсон. 21 жил би сэтгүүлчээр ажиллахдаа дандаа хүний эрх, сэтгүүл зүйн эрх чөлөөны төлөө явсан. Би улсад нэг ч өдөр ажиллаагүй. Би улсаас нэг ч төгрөг хуурч мэхлэн аваагүй. Би эрүүгийн гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Надад амьдрах ажиллах боломж олгохгүй байна. Байнга араас дагадаг. Энэ бүхнийг тэвчсээр ирсэн. Өнөөдөр бол тэвчээр алдагдаж байна. Үнэн үгээ хэлэх сүүлчийн боломж байж магадгүй гэж бодож байна.

Оффшор дансны мөрөөр сурвалжилсан эхний нэвтрүүлгийн мөрөөр УИХ-ын гишүүн С.Баярцогт, УИХ-ын гишүүн Сү. Батболд, Байгаль орчны сайд асан Д.Цогтбаатар, Нийслэлийн Ардчилсан намын дарга С.Сэргэлэнгийн холбогдсон хэргийн эхний хэсгийг дэлгэсэн. Тэдний талаар яагаад нэвтрүүлэг хийж болохгүй юм? Монголд хэвлэлийн эрх чөлөө байхгүй байна. Миний ярих юм ийм байна” гэв. Үүний дараа сэтгүүлчид түүнээс дараах зүйлсийг тодруулсан юм.

- "МИАТ” ТӨК-тай хийсэн гэрээний талаар ярихгүй юу?

- 2013 онд гэрээ байгуулсан. Би өөрөө гэрээгээ цагдаагийн байгууллагаас харлаа. Энд нийт өдөр тутмын 14 сонин, 40 гаруй телевиз гэрээ байгуулан МИАТ-ын шинэ онгоц авч ирэх, төрөөс иргэний агаарын тээврийн тухай бодлогын баримт бичгийг сурталчлах гэрээ байгуулсан. Гүйцэтгэлээрээ явсан. Мөрдөн байцаалтын нууц гэж анхааруулсан болохоор би тэр болгоныг дэлгэх хориотой байх гэж бодож байна. Гэхдээ баримтууд нь энэ байна. Ямар нэг байдлаар гэмт хэрэг үйлдсэн юм байхгүй.

- Гэрээний үнийн дүн хэдэн төгрөг вэ?

- 40 сая төгрөг байсан. Хэрвээ “МИАТ” ТӨК болсны дараа гэрээ байгуулсан хэвлэл мэдээллийн байгууллагыг шалгах юм бол хэдэн мянга хүрнэ. Энэ дотроос зөвхөн намайг гаргаж ирээд, өмнө нь нэг байцаалт аваагүй байж гэнэтхэн ингэж байгааг шалтаг гэж бодож байна.

- Зар сурталчилгааг нь хариуцан гэрээ хийсэн юм уу?

- Зөвлөх үйлчилгээ, бусад хэвлэлд мэдээлэл гаргах байсан.

- Өчигдөр дуудагдсанаасаа хойш МИАТ ТӨК-ийнхантай холбогдсон уу?

- Үгүй. Билетийн кассаар нь билетээ буцаалаа гэдгээ хэлсэн.

- Өмгөөлөгч авсан уу?

- Амжаагүй байна. Өнөөдөр, маргааш гээд хоёр хоногийн хугацаа өгсөн.

- Зам тээврийн яамнаас таныг хоёр удаагийн үйлдлээр буюу 40 сая, 48 сая төгрөг нийт 88 сая төгрөгийг авч зориулалтын бусаар зарцуулсан гэх юм билээ?

-Зам тээврийн яамтай гэрээ байгуулаагүй.

- Хэн гэж хүн өргөдөл өгсний дагуу таныг шалгаж байгаа юм бол?

- Ямар ч хүн өргөдөл өгөөгүй. Хэрвээ надад залилуулсан хүн байвал гараад ирэх хэрэгтэй.

- Таныг Монголоос зугтаж байгаа гэх мэдээлэл байна?

- АНУ руу би, манай нөхөр, гурван сэтгүүлч хамтран нэвтрүүлгийг хийдэг. Надад Монголоос зугтах шалтгаан байхгүй. Хоёр нялх хүүхдээ үлдээгээд би яасан гэж зугтах юм. Намайг гүтгэсэн болгоныг би шүүхэд өгнө.

- АНУ руу явах замын зардлыг хаанаас хэн гаргаж байгаа вэ? Үнийн дүнг тооцвол багагүй мөнгө гарч байна?

- Бизнес ангиллаар 2 хүн нисэх билет авсан. Би баримт үзүүлье. Би С1 телевизэд гэрээгээр хоёр нэвтрүүлэг өгдөг. Миний хоёр нэвтрүүлгийг С1 телевиз нийтдээ 15 сая төгрөгөөр худалдан авдаг. Би бол гэрээгээр ажилладаг. Би энэ мөнгөөр ажиллаж, амьдарч, нэвтрүүлгийнхээ бүх зардлыг олдог. Тэгэхээр надад АНУ яваад ирэх зардал байна.

- Хэн нэгнээс санхүүжилт аваагүй гэж ойлгох уу?

- Би аль ч намын гишүүн биш. Хэн намайг санхүүжүүлэх юм.

- Женко Х.Баттулга энэ бүхний ард байгаа гэх хардлага байна?

- УИХ-ын гишүүн Х.Баттулга оффшор данстай гэсэн мэдээлэл явж байгаа. Хэрвээ баримт нь байвал адилхан л авна. Адилхан л гаргана.

- Хэн таныг дарамталж байсан бэ? Баримт байгаа юу?

- Баримт байгаа.

- Дарамталсан гэх хүмүүсийг цагдаагийн байгууллагаар шалгуулах уу?

- Асуудал үүсвэл би энэ бүхнийг гаргаж өгнө. Найз нөхөд, хамтран ажилладаг хүмүүсээр дамжуулж илт далд янз бүрийн дарамт байнга ирж байгаа.

Үүнээс гадна тэрбээр “Намайг барьж хорьж магад. Улмаар цахим ертөнцөөр дамжуулан намайг муулах байх. Би байнгын дарамтад байсан шүү. Тийм болохоор би нөхрөө гэр бүлээ, дүүгээ нуудаг. Бусдад битгий хэл гэж захьдаг” гэх мэтээр хэчнээн дарамттай байгаа гэдгээ учирлаж байлаа.