Өчигдөр Central tower-т "Франц хүмүүжлийн нууц: bébé өсгөхүй" номын нээлт боллоо. Тус номыг Цолмонгийн Нарангарав орчуулсан юм.

Тэрбээр "MCS Проперти" компанийн бизнес хөгжлийн даргаар ажилладаг. Түүний мэргэжил орчуулан гаргасан номтой нь холбоогүй бөгөөд өөрийнхөө сонирхолоор орчуулжээ. Учир нь Франц хүмүүжил Монголын уламлжлалт хүмүүжилтэй ихээхэн төстэй санагдсан ажээ.

Энэ үеэр "Франц хүмүүжлийн нууц: bébé өсгөхүй" номын орчуулагч Ц.Нарангаравтай цөөн хором хөөрөлдлөө.

 

-Номыг яагаад монгол хэлнээ орчуулах болов?

-Энэхүү ном нь нийт 26 улсад орчуулагдан гарсан шилдэг ном. Өнөөдөр 27 дахь нь хэвлэлд нь болж Монгол улсад "Франц хүмүүжлийн нууц: bébé өсгөхүй" нэртэйгээр уншигчдын гар дээр очиход бэлэн боллоо. Би ээж болоод эмэгтэй хүн гэдэг дүрээ орхигдуулж, умартаж, мундаг л ээж болох гээд зөвхөн нэг тал руугаа хэтэрхий хазайчихдаг тал ажиглагдсан. Харин энэ ном нь дээр эмэгтэй хүн өөрийн гэсэн мөрөөдөлтэй, сонирхолтой, ажилтай, аз жаргалтай байж илүү сайн ээж болдог гэсэн гол санаа нь хамгийн ихээр таалагдсан. Тийм болохоор л орчуулж монгол ээжүүддээ уншуулахыг хүссэн юм. Би олон улсын харилцаагаар төгссөн болохоор Америк, Франц хоёрын соёлыг харьцуулж, мөн Монгол улстай харьцуулж харахад их сонирхолтой байсан.

Франц маягийн хүмүүжил нь Монгоын уламжлалд хүмүүжилтэй төстэй санагдсан. Гэхдээ сүүлийн үед өөр болоод байгаа нь ажиглагдсан л даа. Америктай манай хүүхдүүд адилхан болоод байгаа нь харагдсан учраас энэ номыг орчуулах нь зүйтэй юм байна гэж бодсон.

-Зохиолчоос нь орчуулан нийтлэх зөвшөөрлийг авсан уу , хэрхэн холбоо тогтоосон бэ?

-Зохиолч нь Памела Дракерман гээд Америк сэтгүүлч эмэгтэй. Америкийн Уолл Стрит Журнал сонины гадаад мэдээний сурвалжлагчаар ажиллаж байсан. Тэрбээр гэр бүлтэй болж, Парист очиж амьдарсан.

Энэ хугацаанд Франц хүмүүс маш өөрөөр хүмүүжүүлдэг болохыг олж харсанаар энэхүү номоо бүтээсэн түүхтэй юм билээ. Номоо сэтгүүлзүйн судалгаа болон бусад баримтаар баяжуулж гаргасан байгаа. Франц хүмүүжлийн нууц ном нь Англи улсад бестселлерээр нэгт, АНУ-ын бестселлерт эхний аравдугаар байрт, Бразили, Герман, Орос зэрэг орнуудад бестселлерээр худалдаалагдаж, амжилттай яваа ном.

Би зохиолчтойгоо нэлээд холбоо тогтоосон. Миний тавьсан саналыг маш сайхан хүлээж авсанд баяртай байгаа. Тэгээд номны нүүр зургийн хүртэл эрхийг нь авдаг юм байна лээ. Номныхоо нээлтийг хийх гэж байгаагаа дуулгахад баяр хүргэсэн мэндчилгээ, зургийн хамт илгээсэн.

- "Франц хүмүүжлийн нууц: bébé өсгөхүй" номны онцлог?

-Энэ номны таван зүйл надад хамгийн их таалагдсан. Францын төрийн үнэгүй үйлчилгээнүүд маш их таалагдаж, атаархал төрүүлсэн л дээ.

 

Франц эмэгтэйчүүдэд өөрийн сонирхол, ажлаа хийхэд нь төрийн үйлчилгээ нь маш их тус дэм болдог юм байна лээ. Яслид хоёр хагастайгаас нь үнэгүй хүүхдээ хамруулах боломжтой байдаг. Гэхдээ бас манай улс шиг хүүхэд болгон хамруулж чаддаггүй. Сонгуулиар нэр дэвшигчид нь яслийг их болгон гэж амлаж гарч ирдэг юм байна лээ.

Нийтдээ 11 мянган яслитэй. Эдгээрийн 80 хувь нь төрөөс санхүүждэг. Хүүхдүүд нь яслид байхдаа илүү чөлөөтэй орчинд бие биетэйгээ тоглож, харилцаж сурдаг. Харин цэцэрлэгт хичээлийн хөтөлбөр шиг сурч мэдэх зүйлсийг нь оруулж өгсөн байдаг.

 

 

Цэцэрлэг, сургууль нь их сайхан, төлбөргүй. Мөн Эрүүл мэндийн даатгал нь маш олон зүйлсийг үнэгүй хийдэг. Франц хоол маш их таалагдсан. Юнескогийн биет бус өвд бүртгэгдсэн байдаг. Хүүхдүүд нь өдрийн гурван удаа хооллодог. Эхний ээлжинд хөнгөн зууш, үндсэн хоол, дессерт иддэг. Монгол хүмүүс энэ хоол нь манайд байдаггүй ш дээ гэж магадгүй. Гэхдээ багаас нь хэрэгжүүлж болохоор санагдсан. Франц улс даяараа хүүхдээ нэг цагт хоол өгдөг. Хүүхдүүд нь хоолоо маш сайн иддэг. Энэ нь болохоор тэд хоолны дундуур Америк хүүхдүүд шиг хөнгөн зууш иддэггүй. Хүүхдээ хоолонд оруулахдаа маш олон төрлийн янзаар бэлтгэж, жигнээд, бултлаад, шарах зэргээр бэлтгэдэг. Хэрвээ хүүхэд идэхгүй байвал жоохон ч гэсэн амс гэсээр байгаад янз бүрийн хэлбэр, дүрстэй хоолыг өгсөөр идүүлдэг. Хүнд идэж чадахгүй хоол, хүнс гэж огт байхгүй. Сэтгэлзүйн асуудал гэж судлаач хүн судалгаагаа номонд оруулж өгсөн байгаа. Франад ясли, цэцэрлэгт хүмүүждэг хүүхдүүдийн хоолны цэсийг гаргадаг төрийн хороо гэж бий. Зохиолч маань энэ талаар номондоо дурдсан байгаа. Маш эрүүл хоололттой. Үүнээс нь харахад Франц хүмүүс жингийн илүүдэлтэй байх нь их ховор. Гэтэл энэ нь маш олон оронд том асуудал болчихсон байна.

 

 

-Франц эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн харилцдаг вэ?

-Тэд хүүхдүүдээ хамгийн түрүүнд хүлээх чадварт сургадаг. Тухайлбал, монголчууд бид нар хүүхдээ нэг юм аваад өгөөч гэж хэлэнгүүт л аваад өгчихдөг. Гэтэл энэ нь эрүүл бус харилцаа юм байна лээ. Хүүхэд өөрөө тэрийгээ хүлээгээд бухимдаад үүнтэйгээ эвлэрч сурах нь цаашдын амьдралд нь маш том чадваруудыг суулгадаг. Хүлээсэн шигээ хүүхдийг бие дааж сургадаг юм байна лээ. Хамгийн муу ээж гээд хэнийг хэлэх вэ гэхээр хүүхдээ өөрөөрөө бие дааж тоглож байхад нь "Алив үүнийг идчих гээд саад болдог" ээжийг муу ээж гэдэг. Хамгийн сайн ээж бол өөрөө нь өөрөөрөө байх боломжийг өгдөг хэмээн номон дээр гарна.

Тэрбээр энэхүү номоо "Өөрийнхөөрөө амьдрах боломж олгож, хайр халамжаар харамгүй тэтгэдэг аав, ээж болон өдөр бүр ээжийгээ хурцалж, өөрийгөө дайчлах чин эрмэлзлэлийг минь бадраагч нар шиг инээдэг хайрт охинд зориулав" гэв.

 

Орчуулагч Ц.Нарангарав номынхоо нээлтэд хүрэлцэн ирсэн эрхэм зочдоо өөрт таалагдсан Франц хүмүүжлийн талаар ярилаа. "Франц хүмүүжлийн нууц: bébé өсгөхүй" нээлтэд дуучин Э.Оюундарь ая дуугаа өргөж, зочдыг Франц аялгуунд уярааж, хөглөсөн юм.