"Зөвхөн өнөөдөр биш... Өдөр бүр" автомашингүй гэсэн уриатай "Автомашингүй өдөр"-ийг маргааш зохион байгуулах талаар ЗЦГ-аас мэдээллээ.

"Автомашингүй өдөр"-ийг нийслэлд 6 дахь жилдээ зохион байгуулах бөгөөд энэ өдөр агаарын бохирдлыг хэмжиж, иргэддээ мэдээлэл хүргэх юм.

“Автомашингүй" өдрөөр гэр бүлийн эдийн засагт гарах хэмнэлт, хөдөлгөөний дутагдалд ямар нэмэртэйг таниулах зорилгоор "Зөвхөн өнөөдөр биш... Өдөр бүр" автомашингүй гэсэн уриалгыг дэвшүүлжээ.

ЗЦГ-ын УСХ-ийн дарга, хурандаа Э.Бөхбат “Автомашинаас татгалзах нь эрүүл мэнд, амьдрах орчинд ямар нөлөөтэй вэ гэдийг "Автомашингүй өдөр"-өөр дамжуулан ойлгуулахаар зохион байгуулдаг уламжлал тогтлоо. Автомашинаас татгалзахад зам тээврийн ослын тоо, нийслэлийн хөдөлгөөний зохицуулалт эрс багасдаг. Энэ өдрөөр хөдөлгөөний аюулгүй байдал, замын хөдөлгөөний дүрмийн сургалт сурталчилгааг урлаг соёлынхонтой хамтран зохион байгуулна. ЗЦГ-аас замын хөдөлгөөний дүрмийг хүүхдэд ойлгомжтой хэлбэрээр хүргэнэ” хэмээн онцолсон юм.

Автомашингүй өдрөөр Чингисийн талбайд 200 ахмадын хийн дасгал, Бодибилдингийн үзүүлбэр Урлагийн тоглолт, дугуйн парад, дугуйн экстрим үзүүлбэрээс толилуулах юм байна.

Автомашингүй өдрөөр Чингисийн талбай, Их тойруугаас дотогш зам, Сөүл, Анкарагийн гудамж, Сүхбаатар, Залуучуудын гудамж, Энхтайваны өргөн чөлөө буюу зүүн 4 замаас баруун 4 зам, Чагдаржав, Олимпийн гудамжнаас дотогш замуудыг хаана.