Уг нь Монгол Улс хувьцаа үнэт цаас арилжаалах өөрийн гэсэн бие даасан Хөрөнгийн биржтэй, түүнийг дагасан брокер диллерийн компаниудтай.

Гэвч хуулийг юу ч биш болгодог төрийн шийдвэрийн улмаас энэ байгууллагад ямар ч чадамжгүй болж хувирлаа.

Ашигт малтмалын тухай хуулийн 5-6-д "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжаална” гэж заажээ. Гэтэл Монгол Улсын Засгийн газар энэ хуулийн заалтыг уландаа гишгиж, Хөрөнгийн биржийг ямарч чадамжгүй болгож, арилжааны банкуудыг үнэт цаас арилжих эрхтэй болгочихлоо. Өөрөөр хэлбэл Засгийн газар иргэн бүрийн эзэмшдэг "Эрдэнэс Таван-толгой” компанийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг арилжааны банкуудаар дамжуулан худалдан авах шийдвэр гаргасан юм. Энэ нь үнэт цаас болоод хөрөнгийн зах зээлийн холбогдолтой хэд хэдэн хуулийн заалтыг ноцтойгоор зөрчиж буй хэрэг болоод байна.

Тэгвэл манай төрд Хөрөнгийн биржийн хийх ёстой ажлыг арилжааны банкуудад шилжүүлж, тухайн байгууллагыг чадамжгүй болгох ямар шаардлага байна вэ. Ер нь сүүлийн дөрвөн жил Монголын хөрөнгийн биржийг ашиггүй, орлогогүй, дампуурахад бэлэн байгаа, эрх зүй болоод эдийн засгийн чадамжгүй мэтээр мэдээлсээр байгаа. Энэ нь эцэстээ хувьчлалтай л холбогдож байна гэдгийг эх сурвалжууд хэлж байна.

 

Тухайлбал, Сангийн яам Хөрөнгийн биржтэй нягт холбоотой ажилладаг байж. Тухайлбал, Ч.Улаан Сангийн сайдаар ажиллах хугацаандаа хөрөнгийн зах зээлийг бодлогоор дэмжиж, Засгийн газрын бондыг биржээр арилжих асуудлыг шийдвэрлэсэн байдаг. Улмаар хугацаа хэтэрсэн өрийн асуудлыг төсөвт суулгаж өгсөнөөр Хөрөнгийн бирж чадамжтай болж эхэлсэн. Харин Ж.Эрдэнэбат сайдаар ажиллах үедээ биржээр арилждаг Засгийн газрын бондын хэмжээг нэмэгдүүлж, ашигтай ажиллах боломжийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл төр бодлогоор дэмжээд өгвөл энэ байгууллага ашигтай ажиллаж болохоор.

 

Гэтэл Б.Болор сайдаар ажиллаж эхлээд Хөрөнгийн биржээр арилжаалагдаж байсан Засгийн газрын бондыг татаж, биржийн үндсэн ажил болох хувьцааг арилжааны банкууд руу шилжүүлснээр энэ байгууллага жинхэнэ утгаараа дампуурах нөхцөл бүрдчихлээ.

Тэгвэл Хөрөнгийн бирж дампуурах ямар шаардлага байна вэ. Үүний цаана хувьчлал гэх асуудал яригдаж байна гэдгийг дээр дурдсан байгаа. Тухайлбал, Монголын хөрөнгийн биржийг хувьчлах асуудал өнгөрсөн дөрвөн жилийн туршид яригдаж байна. Гэхдээ одоогоор үнэлгээ өндөр байгаа. Тиймээс ашиггүй, орлогогүй, дампуурах шахаж байгаа гэх мэтчилэнгээр ойлгуулж байгаа л тав орчим тэрбум төгрөгөөр уг байгууллагыг хувьчлах гэж байна. Ер нь хувьцаа арилжаалагдахгүй бол энэ байгууллагын ажил үндсэндээ зогсоно гэсэн үг. Түүний дараа төрийн шийдвэрээр хүссэн үнээрээ хувьчилж болох нь байна шүү дээ. Энэ бол 20-оод жилийн өмнөх Ардчилсан намынхны төрийн өмчийг хувьчилдаг шалгарсан аргуудынх нь нэг гэдгийг эх сурвалж хэлж байна. Хувьчлалын механизм ажилласаар.

 

Амар