Говь-Алтай аймгийн Дарив сумын Ихэс нуур багийн нутаг Баян нуруу хэмээх газар 15 орчим минутанд орсон их хэмжээний аадар борооны ус уулын энгэр рүү үерлэн буужээ. Энэхүү үерийн улмаас хүний амь эрсдэж, их хэмжээний хохирол гарав.

Малчин Ч-гийн хоёр гэр, дүнзэн болон чулуун байшин, Жип, УАЗ-469 машинууд үерт автаж юу ч үгүй болсон байна. Иргэн Б мотоцикльтэйгээ үерт урсаж амь насаа алдсан байна. Мөн арав гаруй тооны ямаа үерт өртөж хорогджээ.

Аймгийн ОБГ, Цагдаагийн газраас уг газар ажиллаж хохирлын тооцоог гаргаж, тус сумын Засаг даргын тамгын газраас гэр оронгүй болсон малчинд тусламж үзүүлэх арга хэмжээг шуурхай авч, хохирогчийн ар гэрийнхэнд туслах ажлыг зохион байгуулж байна.