Амьдралд бид бүгд гол дүрийн хүмүүс
Эргэх дэлхий өөрөө гэгээн тайз...

    Энэ бол яруу найрагч Ц.Хулангийн ”To be or not to be” театрчилсан шоунд зориулж бичсэн шүлгийн мөр. Энэ шүлгэнд МУУГЗ, хөгжмийн зохиолч Л.Балхжав ая хийж “G melody” хамтлаг дуулсан юм.

    Хүн бүхэн жүжигчин болох албагүй ч хүн бүр өөрийн амьдралдаа гол дүр нь байхыг хүсдэг. Үүний тулд ч  орших уу, эс орших уу хэмээн тэмцдэг билээ. Дэлхийн соёлт хүн бүрийн мэддэг “ To be, or not to be” гэж нэрлэгдсэн шоуг “UBS”  телевиз гурав дахь жилдээ зохион байгуулж байна.

    Авьяастанг тодруулж, дэмжиж, үзэгчдэд драмын урлагийн тухай, жүжигчний мэргэжлийн тухай ойлголт өгсөөр ирсэн энэ шоу хамгийн оюунлаг, бас сонирхолтой гэсэн үнэлгээг авдаг юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд шилдэг оролцогчдыг тодруулж, дэлхийн алдарт сонгодог жүжгийг аль нэгэн гадаадын улсад очиж үзэх эрх, БНСУ-ын театр урлагийн сургуульд жүжигчний мэргэжлээр 4 жил үнэ төлбөргүй суралцах эрх гэх мэтээр залуу хүн бүрийн хорхойг хүргэсэн шагналын сантай энэ шоуны бүртгэлийн ажил ид өрнөж байна. Өнгөрсөн жилийн Гранпри шагналтан Г.Баттулга 9 дүгээр сарын 16-нд БНСУ-ын Конжу театр урлагийн дээд сургуульд суралцахаар нисч байгаа бол 2012 оны Гранпри шагналтан Ч.Ганбаатар төмөр замын ажлаа орхин жүжигчний ангийн оюутан болоод хоёр дахь жилдээ суралцаж байгаа.

    2012 оны дэд байрын шагналтан Мөнхчимэг мөн Солонгост жүжигчний мэргэжлээр сурч байна. Мөн шилдэг оролцогчид шоуны шүүгч, найруулагч, МУГЖ, төрийн соёрхолт Д.Сосорбарамын найруулсан алдарт Айн Рендийн жүжигт тоглох эрхтэй болдогоос гадна ивээн тэтгэгчдийн олон шагналыг гарддаг нь урам болдог. Энэ бүхнээс илүүтэйгээр энэ шоунд оролцсоноос өөрийгөө хэн болох, хаана явааг мэдэх, бусдын дунд өөрийгөө нээх боломж завшааныг олж авч чаддаг гэж оролцогчид ярьдаг билээ. Тиймээс ч бүртгэл эхэлмэгц “ Энэ мөчийг удаан хүлээлээ” гэсээр олон оролцогч зорин ирсээр байна. Уншигч таны өмнө ч  гэсэн   ” To be or not to be” театрчилсан шоуны үүд хаалга нээлттэй.

www.URLAG.mn