Т.САЙХАН

Өнөөдөр /06.22/ ч бороо хуртай өдөр үргэлжлэх нь. Нутгийн хойд хэсгээр, 23-ны өдөр төв, зүүн аймгуудын зарим газраар, 24-ний өдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 25-ны өдөр баруун болон төвийн нутгийн зарим газраар бороо орно гэдгийг цаг уураас мэдээллээ. Тиймээс иргэд амралт аялал, зугаалгаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, хүүхдүүдээ гол усны эрэг дагуу тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа. Гол, мөрний усны түвшин нэмэгдэж байгаа тул баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж аюулгүй байдлаа хангахыг мөн анхааруулсан байна. Ойрын өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Улаанхус сум, Ховд гол үерлэж айл өрх, малтайгаа усанд боогдож, гурван айл өрхийн 13 иргэн, 30 тооны бод малыг гол гаталган нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн он гарснаас хойш ОБЕГ-ын алба хаагчид найман суманд нийслэлийн дөрвөн дүүрэгт зургаан удаа тохиолдсон үер усны дуудлагаар ажиллажээ. Аврагчид зургаан хүнийг аварсан ч 13 хүн живж нас барсан гэсэн харамсалтай мэдээ байна.