Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хариу задарсан, задраагүй гэх маргаан үүсээд цагдаагийн байгууллага шалгаж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Б.Баатархүү албан ёсны тайлбар хийлээ.

Тэрбээр бар кодтой хариу гэх мэдээлэл шалгалтын дараа цахим сүлжээгээр тарсан болох нь урьдчилсан дүгнэлтээр тогтоогдсон гэв. Тодруулбал, шалгалтын хариу гэсэн материалыг энэ жил 12-р ангийг төгссөн Э гэгч нь 2016 оны 6-р сарын 16,17-ны өдөр ЭЕШ-ын Нийгэм, Математикийн хариу хэмээн фэйсбүүк хуудсаар дамжуулж дөрвөн хүүхдэд худалдаалсан байна.

Харин Э гэгч нь хариу гэх мэдээллийг мөн энэ жил дунд сургууль төгсөгч З-ээс худалдаж авсан бөгөөд тэрбээр хувийн дээд сургуулийн эдийн засгийн багш мэргэжилтэй 52 настай Д гэгчээс анх худалдан авсан болох нь тогтоогджээ.

Д багш 12-р анги төгсөж байгаа сурагчдад хувиараа давтлага өгдөг бөгөөд тухайн мэдээллийг “Шалгалтад иймэрхүү зүйл ирж болзошгүй” гэж худалдсан аж. Мөн Д багш ЭЕШ-ын бэлтгэл ажил болон шалгалтын комисст ажилладаггүй юм байна.