УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль өчигдөр улс орон даяар болж өнгөрлөө. Сонгуулийн ерөнхий хорооноос хийсэн мэдээллээр УИХ-ын 76 суудлын 65-ыг МАН, 9 суудлыг Ардчилсан нам, МАХН-аас О.Баасанхүү нэг суудал, бие дааж өрсөлдсөн Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан нэг суудал авсан юм.

Тэгвэл АН-ын дарга З.Энхболд намаа ялагдалд хүлээлгэсэн хариуцлагаа хүлээж огцрохоо мэдэгдлээ. Тэрбээр “Монголын ард түмэн сонголтоо хийлээ. АН энэ сонголтыг хүндэтгэж байгаа. МАН-ын болон бусад өрсөлдөгч нартаа баяр хүргэе. Манай намаас 10 -аад нэр дэвшигч ялалт байгуулсан байна. Сонгуулийн үр дүн гэдэг ард түмний төр засагтаа тавьж байгаа үнэлгээ юм. Хүндэтгэж байна. Бид туйлын хүндэтгэлтэй хандаж байгаа. Гэхдээ бид бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлнэ. Л.Эрхэмбаяр бид хоёр зохих ёсны дагуу хариуцлагаа хүлээнэ” гэсэн юм.