Түрүүч нь №143, 145, 146, 147, 148 (5408, 5410, 5411, 5412, 5413) дугаарт

-БУЙР НУУРАНД ОСОЛДСОН ЗАГАСЧДЫН ЭМГЭНЭЛТ ХЭРГИЙН МӨРӨӨР ...-

Хилийн заставын моторт завь

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Буйр нууранд нутгийн иргэд загасчилж яваад эндсэн эмгэнэлт хэргийн дуулиан одоо хэр намжаагүй байна. Загасчид тухайн үед модоор хийж төмрөөр гадарласан завьтай яваад салхинд шидэгдэж мөстэй мөргөлдөж улмаар хоёр нь нуурын усанд живж, хоёр нь хагарсан мөсөн дээр амьд гарч чадсан байдаг. Хорь гаруйхан настай хоёр залуу хоёр цагийн турш аврал эрэн мөсөн дээр нааш, цааш гүйсэн боловч хэн ч тэдэнд тусламж үзүүлээгүй. Улмаар нойтон хувцастайгаа барьцалдаж хөлдөн амьсгал хураасан. Тэр жил Сэлэнгэ мөрнөөр өлгийтэй нялх үрээ тэвэрсээр нэгэн эх Оросын хил руу урсаж ор сураггүй болсон эмгэнэлт түүх бий. Тэгвэл энэ удаагийн загасчдын хэрэг түүнээс ч илүү зүрх шимширмээр. Хоёрын хоёр залууг харсаар байгаад алчихаж. Тэдэнд туслах боломж байсан гэдгийг нутгийнхан онцолж байна.Учир нь хагас км зайд байрлах хилийн заставынхан өчүүхэн төдий сэтгэл гаргахад л өнөөдөр хоёр сайхан залуу инээж, хөхрөөд бидний дунд явж байх байлаа хэмээн тосгоныхон ам өрсөн ярьж байна. Тиймээс нуурын хажууханд байрлах “Буйр”-ын заставаас тухайн өдөр гарсан ослын талаар тодруулсан юм.

Э.БАТ-ЭРДЭНЭ: НУТГИЙНХАН АНХНААСАА ОСЛЫН ТАЛААР ТОДОРХОЙ МЭДЭЭЛЭЛ ӨГӨӨГҮЙ

“Буйр” заставын орлогч Э.Бат-Эрдэнэ:

-Манай заставын дарга руу 10:20 цагт утсаар ярьсан. Дараа нь “Hummer” жийптэй нэг нөхөр ирээд “Нууранд хүмүүс осолдсон юм шиг байна” гэж хэлсэн. Яг тодорхой мэдээлэл өгөөгүй. Тэгэхээр нь бид эндээ бэлдэж байя, та тодруулаад хүрээд ирээрэй гэсэн. Тэр нөхөр дахиж ирээгүй.

-Тэр жийптэй ирж хэл дуулгасан хүн эндхийх юм уу?

-Үгүй. Дорнод аймгийн төв, Халхгол сум, Ялалт багийн дунд л явдаг. Ер нь нутгийн иргэд андахгүй л дээ. Загас худалдаж авдаг залуу.

-Тэгээд юу болсон?

-Дахиад 20-иод минутын дараа дахиад нэг машин ирсэн. Тэгэхээр нь ер нь болохоо байж гэж бодсон.

-Итгээгүй юм уу. Яагаад нууранд хүн үхэх гэж байна гээд байхад дөрөв, таван удаа дуудуулсан юм бэ. Шуурхай ажиллаж болоогүй юм уу?

-Анхны хэл ирэхэд л дарга ангийн төв рүү хэлээд ангийн төв Хил хамгаалах ерөнхий газраас зөвшөөрөл авсан. Энэ хооронд бид агуулахаас завиа гаргаад хийлж ашиглахад бэлэн болгож байсан.

-Хамгийн гол нь застав заавал зөвшөөрөл авч байж завиа өгнө гээд өгөөгүйн улмаас цаг хугацаа алдсан гээд байгаа. Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй завиа өгчихөд болмоор л санагдах юм?

-Цаг хугацаа алдсан юм байхгүй. Сүүлд машинтай хүн ирэхэд завь бэлэн болгосон байсан. Манай дарга, гурван алба хаагчтай машин дээр нь завиа ачаад хамт явсан. Бид цэргийн байгууллага. Цэргийн байгууллагад хэн ч тушаалгүйгээр хөдөлж болохгүй. Тэгээд ч яг тэр үед нууранд гарахыг хориглосон байдаг.

-Ямар учраас хэдий хугацаанд нууранд гарахыг хориглосон байдаг юм бэ?

-Тухайн өдөр нуур мөстэй байсан. Нуур мөстэй үед хилийн цэргийнхэн нуурын усанд гарахыг хориглосон байдаг. Мөн их хүчтэй салхитай байсан. Ийм тохиолдолд манай хилийн цэргийнхэн аюулгүй байдлын хангамж гэдэг утгаараа нуурын усанд гарахыг хориглодог. Нуурын усны долгион хоёр баллтаас дээш бол усанд гарахыг хориглоно. Тэр өдөр бараг дөрвөн баллтын үзүүлэлттэй байснаас гадна цуурч хагарсан мөс ихтэй байсан. Ийм нөхцөлд хүний амь эрсдэх аюултай.

-Тийм учраас л нутгийн иргэд мэргэжлийн байгууллага, мэргэжлийн моторт завь гуйж та бүхэнд хандсан шүү дээ?

-Хөдөлгөхийн тулд заавал зөвшөөрөл авдаг. Нутгийнхан ямар нөхцөл байдал үүсээд байгаагаа тодорхой тайлбарлаагүй. Нууранд осол болсон, завь хэрэгтэй байна гэсэн л юм хэлсэн. Манай дарга мэдээж дээрээс зөвшөөрөл авч байж завь гаргах боломжтой гэж хэлсэн. Гэхдээ энэ хооронд ор тоохгүй суугаагүй. Отряд руу мэдэгдэж, Ерөнхий газарт хандсан байсан. Хянах самбар руу дээшээ гарч мэдсэн. Жирийн үед хянах самбар дээр хүн гарахыг хориглодог. Төв ангидаа мэдэгдэж ерөнхий газраас зөвшөөрөл авахгүй бол бид хууль зөрчсөн болно. Магадгүй дур мэдэж гаргасан шийдвэр хүний аминд хүрэхийг үгүйсгэхгүй шүү дээ. Тухайн үед нуурын мөс гэсээгүй байсан учраас завиа хадгалалтаас гаргаагүй байсан л даа. Нуурын хорио тавигдаагүй, загасчлах хугацаа ч болоогүй байсан. Товчхондоо, усан дээр үүрэг гүйцэтгэх хугацаа болоогүй байсан.

-Хилчид усан дээр яг хэдийд үүрэг гүйцэтгэх боломжтой байдаг юм бэ?

-Мөс бүрэн гэсэхээр үүрэг гүйцэтгэж болно. Түүнчлэн нууранд дөрөвдүгээр сарын 15-наас зургадугаар сарын 15-ны хооронд загасчлах хориотой. Нэг ёсондоо загасчид хориотой үед загасчилж явсан гэсэн үг.

-Нууранд танай алба хаагчдыг очиход мөсөн дээрх хоёр хүн амьд байсан уу?

-Яг нууран дээр гарахад нь манай усчин, ахлах ахлагч Чулуунсүх завьтай явсан байна лээ. Нуурын мөс рүү явахад эхний ээлжинд манай усчинтай хамт нутгийн хоёр ард явсан байсан. Дахиад хоёр дахиа явахад эхний явсан хүмүүс айгаад нутгийн ардуудаас дахиад өөр хүн авсан гэсэн. Эхний явалтаар нэгийнх нь цогцсыг авчирсан байсан. Хөлдөж осгосон байдалтай амиа алдсан байсан гэсэн. Хоёр хүн мөсөн дээр байсан гэсэн учраас дахиж яваад тэр хавьд мөсөн дээр байж магадгүй гээд явахад олдоогүй байсан.

-Хилчид эрэн хайх ажиллагаанд оролцсон уу?

-Дараа нь усанд шумбаж загасчдын цогцсыг эрэн хайх ажиллагаанд оролцсон. Анхнаасаа Онцгой байдлын ерөнхий газартай хамт эрлийн багт орж ажилласан. Хоёр автомашинтай, хоёр завьтай, нийт 16 хүн оролцсон байгаа.Манай заставаас усан дээр оролцоогүй, нуурын эргээр эргүүл хийж ажилласан. Харин онцгой байдлын аврагчид явсны дараа манай усчин, ахлах ахлагч Чулуунсүх орон нутгийн иргэдтэй хамтарч эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж хоёрынх нь цогцсыг олсон. Эрлийн дараа дөрөв дэх цогцос усан дээр хөвөөд гараад ирснийг нутгийн иргэд олсон гэсэн тайлбар өглөө.

Нутгийн иргэдийн сэлүүрддэг завь

Ц.САНЧИР: ИРГЭД ЯАХ УЧРАА ОЛОХГҮЙ ХУГАЦАА АЛДСАН БАЙСАН

Халхгол сумын Цагдаагийн хэсгийн дарга Ц.Санчир:

-Би Халхгол суманд томилогдоод хоёр жил болж байна. Улаанбаатар, Хэнтий, Дорнод зэрэг аймгуудад томилогдон ажиллаж байсан. Халхгол өөрийн гэсэн онцлогтой сум. 3200 хүн амтай. Гурван багтай. Ялалт баг сумын төвөөс 70 км. Буйр нуур багаас 20 гаруй км-ийн зайтай. Ташгай баг ч гэсэн сумаас их хол. “Петро Чайна Дачин Тамсаг” компани үйл ажиллагаагаа явуулдаг байхад хулгайн хэрэг их гардаг байсан. Малын хулгай зэрэг бусад хэрэг ер нь мэдэгдэхүйц буурсан. Золгүй ослоор харин дөрвөн хүн амиа алдаад байна. Буйр нуур өөрөө хараа хяналтгүй, нуур түшиглэсэн цех байхад суурьшсан айлууд одоог хүртэл үе удмаараа амьдарч байна.

-Танайд хэдэн цагт дуудлага өгөв?

-Надад Буйрын ослын тухай дуудлага 13:00 цагт ирсэн. Ингэхдээ 102 утсаар дамжиж дуудлага ирсэн. Хоёр хүн мөсөн дээр амь тэмцэж байх хооронд Онцгой байдлаас тусламж хүсээд хамаг цагаа алдчихсан юм билээ.

-Яах учраа олохгүй л онцгой, цагдаагийн яаралтай тусламжийн утсанд хандаж дээ?

-Тийм. Яах учраа олохгүй сандралдаж гүйж байгаад л хугацаа алдсан байгаа юм. Өөрсдөө аврах гэж үзээд чадахгүй болохоор хил, онцгой, цагдаад хандсан байгаа юм. Бид аймгаас дуудлага хүлээж аваад шууд гарсан. Ар гэрийнхэн нь сэтгэл санаагаар хямраад юу ч тохиолдож магадгүй шүү дээ. Яаралтай үед түргэн тусламж үзүүлэх эмч, сумын Тамгын газрын дарга, бид хамт гарсан. Биднийг очиход бүх юм дууссан байсан. Бүгд нь л зүс таних, гол усанд ороод сурчихсан нутгийн иргэд байсан. Хүмүүс янз бүрээр л ярьж байна. Гурван сая дахь иргэний эн чацуутны аав, найзуудынхаа хамт доргиод нуур явсан гэж. Ямар ч тийм юм байхгүй. Амьдрахын төлөө өөрсдийгөө эрсдэлд оруулж яваад л эндсэн хүмүүс. Нэг их ууж, идээд, хэрэг төвөг үүсгээд байдаг хүмүүс ч биш гэв.

“Буйр” застав нуурын усан хилийг манах үүрэгтэй. Үүнийх нь төлөө тэднийг төрөөс цалинжуулдаг. Гэвч тэд хил манах болохоос хүн аврах үүрэггүй гээд хөдөлсөнгүй. Хилийн зурвастай холбоотой зөрчил илэрсэн бол хилчид нууранд гарах хориотой гээд тоохгүй байсан бололтой гэж иргэд шүүмжилж байна. Хилийн заставт 3-4 хүн багтах хийлдэг мотортой завь ганц биш гурав, дөрөв байдаг тухай учир мэдэх хүмүүс хэлсэн. Нэг завьтай явах нь эрсдэлтэй учраас заавал хоёр завьтай нэг нэгнийгээ хамгаалах зорилготой явдаг байна. Хэрвээ хилийн заставын удирдлага нөхцөл байдлыг ойлгож шуурхай арга хэмжээ авч сүйхээтэй, хүн чанартай хандсан бол хоёр хүний амийг аврах бүрэн боломжтой байж. Буйр тосгонд засаг захиргаа, удирдлага гэж байхгүй. Ард түмнийхээ аюулгүй байдлыг бодоод ядаж ганц ч болов мотортой завийг нь тосгонд аваад өгчихсөн ч яахав дээ. Хорь гаруй айл амь залгуулахын тулд загасчилдаг. Тэднийг дурандаа ингэж буйдхан амьдарч байна гэх нэгэн ч байна. Уг нь тухайн иргэн амьдрах, нутаг дэвсгэрээ өөрөө сонгох эрхтэй. Үндсэн хуульд ч энэ тухай заалт бий. Монгол Улс иргэнийхээ амь насанд онцгой анхаарч аюулгүй амьдрах нөхцөлийг нь бүрдүүлэх ёстой. Гэтэл хоёрын хоёр хүн амь насаараа хохирох гэж байхад төр төмөр нүүрээ харууллаа гэсэн гомдлын үгтэй буйрынхан үлдсэн юм.