Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 52 дахь удаагийн бага хуралд оролцов. Бага хуралд 30 орчим орны төр, засгийн тэргүүн, 60 гаруй орны Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд, Европын Холбоо, НАТО-гийн удирдлага зэрэг өндөр түвшний төлөөлөгчид оролцлоо. Европын Холбооны бүх Гадаад хэргийн сайд оролцдог эл арга хэмжээний үеэр сайд Л.Пүрэвсүрэн хоёр талын уулзалтууд хийж АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын талаар болон бусад олон асуудлаар санал солилцов.

Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений бага хурал нь олон улсын аюулгүй байдлын салбарт чухал форум болон хөгжиж ирлээ. Хүйтэн дайн дууссанаас хойш бага хурлаар хэлэлцэх асуудлын цар хүрээ тэлж, зөвхөн Евро-Атлантын бүс нутгийн аюулгүй байдал төдийгүй олон улс, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг ул суурьтай хөндөх болсны зэрэгцээ оролцогч орон, байгууллагын тоо байнга өсч, дээрх чиглэлээр өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлж, олон улсын стратеги, бодлогыг тодорхойлдог нэр хүндтэй чуулган болоод байна.

Энэ удаагийн бага хурлаар терроризм, дүрвэгсдийн асуудал, Ойрхи дорнод, Сирид үүсээд буй нөхцөл байдал, олон улсад Хятадын үзүүлэх нөлөө зэрэг асуудлыг хэлэлцлээ. Бага хуралд оролцож буй ОХУ, АНУ тэргүүтэй орны төлөөлөгчдийн уулзалтаар Сирид гал зогсоох тохиролцоонд хүрсэн нь бага хурлын хүрээнд болсон чухал үйл явдлын нэг болов.