УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

- УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгийн талаарх таны бодол?

- Ард түмэн төрийн эрхийг барих, өөрийн төлөөллийг сонгох онцгой бүрэн эрхээ хэрэгжүүллээ. Сонголтоо хийж, МАН-ын ард түмэн дэмжлээ. МАН-ын хөтөлбөр дөнгөж төрсөн нярайгаас өтгөс буурал хүртэл хүндээ зориулсан байж чадсан. Амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлэх ажил одоо эхэлж байна. УИХ-ын гишүүн тангараг өргөлөө, шинэ парламент УИХ-ын бүрэн эрх хэрэгжиж эхэллээ.

- Шинэ парламент эдийн засгийн асар хүнд үед ажлаа эхэлж байна?

- Эдийн засаг, нийгмийн амаргүй байдалтайг Монголчууд бид бүгдээрээ мэдэж байгаа. Тиймээс мэргэжлийн засгийн газар байгуулахаас гол ажил эхэлж байна. Төр засаг түвшин, чадварлаг баг бүрэлдэж чадвал эдийн засгийн асуудал цэгцрэх байх. Тэгэхээр ажлын эхлэл нь бол төрийг төвшитгөхөөс эхэлнэ.

- Мэргэжлийн Засгийн газар гэж байна. Таны нэр Батлан хамгаалахын сайдад яригдаж байгаа?

- Мэдэхгүй байна. Ер нь намын бага хурал Засгийн газрын бүрэлдэхүүнийг бус Ерөнхий сайдын асуудлыг шийдвэрлэдэг. Намын олон түмэн хуралдаж Ерөнхий сайд хэн байх талаар шийдвэрээ гаргасан.

- Таныг Батлан хамгаалахын сайд болооч гэвэл болох уу?

- Нам үүрэг өгвөл татгалзах эрх мэдээж байхгүй шүү дээ. Гэхдээ бид чинь давхар дээлнээс эхлээд олон зүйл амлачихсан байгаа.

Батлан хамгаалах яам Засгийн газрын бүтцээр Үндсэн чиг үүргийн яам болвол миний асуудал яригдах боломжтой. Хэрвээ үндсэн чиг үүргийн яам биш болох юм бол Батлан хамгаалахын сайд болох боломжгүй. Харин үндсэн чиг үүргийн салбарын сайдыг УИХ-аас томилох бололцоотой.

- Үндсэн чиг үүргийн яамдад ямар ямар яам багтаж байна вэ? Сангийн яам...

- Сангийн яам, Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, Батлан хамгаалах яам, Ногоон хөгжил байгаль орчны яамд байдаг. Энэ нь өөрөө Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, мөрийн хөтөлбөрөөс хамаардаг.

Үүний тулд МАН-ын бага хурлаас Ерөнхий сайдыг намын бага хурлаас дэвшүүлнэ. УИХ-аас Ерөнхий сайдыг батламжилна. Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүтцийг, мөрийн хөтөлбөрийг оруулж ирнэ. Үүний дараа хамгийн сүүлд нь засгийн газрын бүрэлдэхүүн яригдана.

- Батлан хамгаалахын цогц хуулиудыг шинэ парламент албажихаас өмнө Ц.Цолмон сайдтай хоёулаа АБГББХ-ны хуралд сууж байгаад хэлэлцсэн. Ирц хуурамчаар бүрдүүлээд хууль зөрчсөн хэрэг биш үү?

- УИХ-ын гишүүд сонгуулийн үйл ажиллагаатай байсан болохоор гишүүд маань ирсэн. Ирцээ бүрдүүлээд тухайн асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлээд гарсан. Ц.Цолмон, З.Энхболд, миний бие, Ц.Баярсайхан, Л.Болд, Г.Батхүү, Н.Энхболд зэрэг гишүүд оролцож шийдвэрлэсэн.

- Өмнө нь Батлан хамгаалахын сайд байсан хүн, нөгөө нь одоогийн Батлан хамгаалахын сайд сууж байгаад БХ салбарын цогц хуулийг хэлэлцсэн нь анхаарал татсан....

- Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлагдсантай холбоотойгоор Батлан хамгаалах бодлогыг УИХ-аас шинэчилсэн. Нэгэнт Монгол улсын батлан хамгаалах бодлого гарсан тул салбарын багц хуулийн өөрчлөлтийн асуудал эхэлсэн. Дөрвөн хууль УИХ-д өргөн баригдаж, хэлэлцэгдээд эцсийн хэлэлцүүлгээ хийсэн. Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албаны тухай, цэргийн албаны эрх зүйн байдлын тухай гэсэн дөрвөн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг байнгын хороогоор хийсэн. Одоо УИХ уншаад, батлах үлдсэн. Асуудлыг УИХ-ын намрын чуулганаар эхэнд хэлэлцэх байхаа. Энэ бол олон жил хүлээгдсэн, хоёр УИХ дамжсан, одоо гурав дахь парламентын нүүр үзэж байгаа салбарын эрх зүйн өөрчлөлт. Гурван парламент дамжин салбарын эрх зүйг шинэчлэн, болов соруулах ажлыг гардан хийсэндээ сэтгэл хангалуун байна даа.

- Цаг гарган ярилцсан танд баярлалаа.