Турк улсад болсон цэргийн эргэлт хийх гэсэн оролдлоготой холбогдуулж Анкара дахь Монголын ЭСЯ-наас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд " Долдугаар сарын 15-ны оройн 23,00 цагийн үед эхэлсэн Туркийн төрийн эрхийг цэргийн хүчээр авах гэсэн оролдлого дөрвөн цаг гаруй үргэлжиллээ. Долдугаар сарын 16-ны өглөө 8-9 цагийн үед Анкара хот дээгүүр цэргийн нисэх онгоц хэд хэдэн удаа нислэг хийсэн бөгөөд энэ нь чухам ямар учиртай нислэг болохыг одоогоор мэдэж амжаагүй байна. Туркийн зарим сонин энэ өглөө хэвлэгдэн гарсангүй. Туркийн веб хуудсуудаас үзэхэд долдугаар сарын 16-ны өглөөний 9 цаг 40 минутын байдлаар цэргийн эргэлт хийх гэж оролдсон 1374 хүнийг баривчилсан байна. Төрийн эргэлт хийх гэсэн оролдлогын үеэр гарсан мөргөлдөөнүүдэд манай иргэн өртсөн тухай мэдээлэл алга байна” хэмээн мэдэгдэлд дурджээ. Мөн тус ЭСЯ хоёр өдрийн турш ажиллаж, мэдээлэл олж төвд дамжуулах, Туркт суугаа иргэдтэйгээ холбоо барих, тэдэнд нийгмийн сүлжээгээр мэдээлэл, анхааруулга өгөх зэргээр ажилласан байна. Анкар, Истанбул хотод болсон мөргөлдөөнүүдийн улмаас 90 хүн алагджээ.