Энэ сарын 10-ны өдөр буюу наадмын өмнөх өдөр Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүхийг БНХАУ-ын иргэн Л-ээс 200 гаруй сая төгрөгийн хахууль авч, иргэнд хууль бусаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож байгаад үйлдэл дээрээ баригдсан талаарх мэдээлэл байсан. ТэгвэлЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс уг асуудалтай холбоотой мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөн юм. Н.Батсүх нь уг хэргийг үйлдэхдээ өөрийн удирдлага дор ажилладаг, иргэн Б, Ч, П нартай үгсэн тохиролцож, иргэдийн цахим үнэмлэхийг ашигласан гэж байна. БНХАУ-ын иргэн Л-д Баянзүрх дүүргийн Их цуурайтын аманд 42 айлын газар эзэмших гэрчилгээ олгосон нь шалгалтаар тогтоогдоод байгаа гэлээ. Н.Батсүх нарт авлига өгсөн Ли овогт Хятад иргэн нь Монголд барилгын салбарт 10 орчим жил үйл ажиллагаа явуулж буй барилгын компанийн захирал аж.

Цагдаагийн алба хаагчид нотлох баримтыг хураан авч, Эрүүгийн хуулийн 268-д заасан зүйл заалтаар буюу Н.Батсүх нарыг хээл хахууль авсан гэж буруутган, АТГ-тай хамтран эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. ХэрэвН.Батсүх нар нь шүүхийн байгууллагаар буруутай нь тогтоогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгэгдэх юм байна.

Эргэн сануулахад, Н.Батсүх нь газрын наймаа хийдэг зохион байгуулалттай бүлэглэлийг устгана гэж өөрөө хэлж ярьдаг нэгэн билээ.

Эх сурвалж: Шуурхай.мн