Энэ сарын 10-нд ЭЦГ-ынхан газрын бүлэг наймаачдыг үйлдэл дээр нь баривчилсан талаар бид өмнөх дугаарууддаа мэдээлсэн. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Өмч газрын харилцааны албаны дарга Н.Батсүх БНХАУ-ын иргэн Ли овогтоос газрын урьдчилгаа хэмээн 200 гаруй сая төгрөг авч байгаад үйлдэл дээрээ баригдсан юм.

Эхний мөрдөн байцаалтаар Н.Батсүх нь Баянзүрх дүүргийн Их цуурайтын аманд 42 айлын газар эзэмших гэрчилгээг хятадуудад олгосон нь тогтоогдчихоод байгаа. Албаны дарга Н.Батсүхийн хамсаатан болох Ч, П нар нь энэ мэтчилэнгээр иргэдэд олгогдох ёстой газрыг гадны иргэдэд өндөр үнээр дамлан худалдаад зогсохгүй иргэдийн цахим үнэмлэхийг ашигласан зэрэг олон ноцтой баримтууд илэрчээ.
Тиймээс хууль хяналтын байгууллагынхан дүүрэг нийслэлийн Өмч газрын харилцааны албанд ажиллаж буй дарга даамалуудыг энэ мэтээр гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн үзэж шалгалт хийхээр болсон тухайг эх сурвалж мэдээлж байв. Тэд өмнө нь газар, төсвийн мөнгийг ээлжлэн иддэг байсан бол одоо бүр цагаандаа гарч бүлэглэн иддэг тогтолцоонд шилжснийг тэдний энэ удаагийн үйлдэл гэрчилж байна. Эдгээр эрхмүүд алга дарам хашааны газар авья гээд очсон жирийн иргэдийн амыг “ямар ч газар байхгүй ээ” хэмээн тагладаг. Ийм шалтгаан сонссон мянга мянган иргэд газраа өмчилж чадахгүй өнөөдрийг хүрч байгаа юм. Гэтэл өнөө иргэдэд олддоггүй мөнөөх газрыг дүүргийн эрхтэн дархтангууд өөрсдийн танил тал, ах дүү, хамаатан садан, хятад иргэдэд хэдэн зуун га-гаар олгож, далд наймаа цэцэглүүлж байна. Тэдний энэ үйлдэл бүр хэрээс хэтэрч хурган дарга нь албатуудтайгаа авлигын мөнгөө дундаа хийж дараагийн газар хаана байж болох вэ, ямар хүмүүсийн цахим үнэмлэхийг ашиглах вэ гээд эртнээс бэлдэж бусдын газрыг хулгайн аргаар зарж байгаа нь гарцаагүй гэмт үйлдэл. Мэдээж албаны дарга нь ийм хууль бус үйлдлийг нүдэн дээр нь хийчхээд байхад дарга нар нь мэдэхгүй гэдэг үгийг лав хэлэхгүй байх.
Ийн хэлэхийн учир нь тус дүүргийн Өмч газрын харилцааны газрын дарга, нягтлан хоёр нь ядарсан иргэний ТҮЦ-ийн газрыг булаан авчээ. Дотор нь олон сая төгрөгийн өртөгтэй бараа бүтээгдэхүүн байсаар байхад хээв нэг ТҮЦ-ийг нь ачиж явчихаад газрыг нь өөр хүнд өгсөн байх жишээтэй. Бид энэ тухай мэдээллийг дараагийн дугаартаа тодорхой нэр устай нь мэдээллэх болно.
Жирийн иргэд газраа авахын тулд Өмч, газрын харилцааны албаны үүдэнд үүрийн харанхуйгаас үдшийн бүрий хүртэл хэдэн өдөр дугаарлаж, эцэст нь сугалаагаар азаа үзэн цөөн тооны хүн арай хийж уулын мухар, хогийн цэгийн хажууд газартай болж байгаа. Хамгийн гол нь олон зуун хүн хэдэн өдөр дажин болох шахаж дугаарласан газрын хэмжээ нь ердөө л 0.05-хан га газар.
Гэтэл дүүргүүдийн Өмч газрын харилцааныхан маш их хэмжээний газрыг өндөр үнэд хүргэж өөрсддөө асар их хэмжээний хууль бус олз, ашиг олох нь шударга ёсонд хийцэх үү! Угтаа бол Н.Батсүх Хятад иргэнд 42 айлын газар эзэмших гэрчилгээ олгож байхын оронд ядарсан иргэддээ газрыг нь олгож байсан бол адагдлаад тухайн иргэн үл хөдлөх хөрөнгөтэй болоод зогсохгүй бага ч гэсэн амжиргаа нь дээшлэх байсан биш үү. "Хүний нохой идэхээр өөрийн нохой ид” гэдэггүй бил үү. Дүүргийн жирийн иргэдийн хүсэвч, хөөцөлдөвч олдохгүй байгаа алга дарам газар энэ мэтчилэн "буруу гар”-аар орж дүүрэгт орсон орлого ч үгүй, эзэмшсэн иргэд ч үгүй л үлдэж байна. "Байнд ч үгүй банзанд ч үгүй” гэгчийн үлгэр гэвэл энэ байх.
Өмч газрын харилцааны бас нэгэн бизнес гэвэл, иргэдэд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн газарт кадастрын зураглал хийх аж ахуй эрхлэгчийг сонгон шалгаруулахдаа өөрсдийн танил тал ах дүү амраг садангийнхаа компаниар, кадастрын зураг хийх тусгай зөвшөөрөл олгодог явдал. Өөрөөр хэлбэл, газар өмчлөх эрх авсан иргэний өөрт нь өмчлүүлэхээр шийдвэрлэсэн газарт кадастрын зураглалыг зөвхөн нэг компаниар хийлгэхийг тулгаж бусад компаниудаас сонгож үйлчлүүлэх эрхийг нь хязгаарлаж бас л өөрсөддөө ашиг хонжоо хайдаг гэсэн үг. Энэ мэтчилэн маш олон аргаар газрын луйварыг далд хэлбэрээр явуулдаг учраас хууль хяналтын байгууллагынхан Өмч газрын харилцаанд томоохон шалгалт оруулж иргэдэд олгогдох ёстой 0.05 га газар очих ёстой эзэндээ очсон уу, ямар ямар гадны иргэд манай улсад газар эзмших гэрчилгээг хэдээс хэдэн онд авч байсан гэх зэргийг шалгахаар зэхэж буй юм.
Ямартай ч энэ удаагийн Н.Батсүхийн хулгай Өмч газрын харицлааныхны томоохон луйварыг илчлэх бололтой.