Манай улсад зам тээврийн осол өдөр өнжилгүй гардаг. Цөөхөн хүн амьтай байж хурд хэтрүүлж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүний амийг бүрэлгэсээр байгаа нь харамсалтай. Энэ хэрэг өснө үү гэхээс буурахгүй байгаа нь аюулын харанга дэлдээд байна. Ослыг бууруулахын тулд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэн баталсан. Уг хуулийг шинэчилсэнээр чанга болсон гэж үзэж байсан. Гэвч зөөлтөөд байна уу гэлтэй. Жолооч нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард суух нь эс буурав. Энэ оны эхний зургаан сарын байдлаар зөвхөн зам тээврийн ослоор 193 хүн амиа алджээ.

  • Явган зорчигч - 60 хүний амь нас хохирч 1420 хүн гэмтсэн
  • Жолооч - 61 хүний амь нас хохирч 256 хүн гэмтсэн
  • Тээврийн хэрэгслээр зорчигч - 70 хүний амь нас хохирч 912 хүн гэмтсэн
  • Дугуйтай хүн - 2 хүний амь нас хохирч 70 хүн гэмтсэн байна.

Энэ сарын эхний өдөр буюу өчигдөр долоон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт 50 тонн цемент ачсан ачааны машин осолдож, хүн хавчуулагдан нас барсан гэсэн дуудлага Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Тодруулбал “Тасбан” ШТС-ын баруун замд Ховд аймгаас ачаа ачиж явсан “Hord Benz” камаз маркийн автомашины жолооч А нь айлын хашаа, гэр мөргөжээ. Уг ослын улмаас долоон хүн амиа алджээ. Ослоор явган зорчигч 42 настай эмэгтэй Ц, 19 настай эрэгтэй Б, дэлгүүрийн худалдагч 15 настай эмэгтэй А, оршин суугч 46 настай эмэгтэй Т, жолооч А болон зорчигч 29 настай эмэгтэй З, 3 настай эрэгтэй М нарын долоон хүний амь нас хохирч, зургаан настай эмэгтэй М хүнд гэмтсэн ноцтой осол гарав.

Мөн өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу долдугаар сарын 29-нд Зуунмод сумын 1-р баг О донт хөтөлийн "МТ" ШТС-ын орчимд, тус суманд оршин суух 44 наста Д гэгч “Toyota Prius” автомашинаар, БЗД-19 хороонд суух 52 настай О-г дайрч амь насыг нь хохироожээ. Мөн долдугаар сарын 31-нд Төв аймгийн Борнуур сум “Урьхан” зоогийн газраас баруун тийш 5км газарт “Тoyоta Сamry” автомашин онхолдож жолооч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд суух 52 настай Р амиа алдаж, нэг иргэн гэмтсэн хэрэг гарчээ.

Хүний эрдэнэт амийг машинаараа хядсаар байх уу, жолооч нар аа. Ер нь замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж хөдөлгөөнд оролцож чадахгүй бол дөрвөн дугуйтаасаа татгалзвал яасан юм. Бага балчир хүүхдүүдээс авахуулаад ахмад буурайг хүртэл цааш нь харуулж байгаад үнэхээр харамсалтай, гомдолтой байна.