Долларыг галзууруулж байгаад л эдийн засгаа аврах талаар ам нээх нь тэр. Өчигдрийн байдлаар ам.долларын ханш 2115 төгрөгт хүрсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар 2117 төгрөгтэй тэнцэж байна.

Харин Монголбанкнаас ам.долларыг өсөхөд өдөр өнжилгүй валютын дуудлага худалдаанд оролцож өөрсдийн үүргээ гүйцэтгэв. Шинэхэн Ерөнхий сайд одоо л нэг толгой өндийлгөж эдийн засгаа харах сэхээтэй болж буй бололтой. Одоогийн байдлаар төсөвт яаралтай тодотгол хийх, Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлж олгох асуудлаа шийдэх хэрэгтэй байгаа.

Хүүхдийн мөнгийг олгох санхүүжилтийн эх үүсвэрийг судлах, 2016 оны улсын төсвийн тодотголын төсөлд суулгах, энэ талаар тодорхой санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайдад даалгав. Түүнчлэн олны дунд хүлээлт үүсгээд байгаа ипотекийн зээлийг иргэдэд хүртээмжтэйгээр олгохыг даалгажээ.

Гадаад хөрөнгө оруулалт буурсан. Энэ тал дээр тэрбээр бүх сайд нарт хандаж, салбар бүртээ зээл тусламж гэхээсээ илүүтэй гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татаж ажиллахыг тэргүүлэх чиглэлээ болох, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн худалдан авалтыг дэмжих, төр хувийн хэвшлийн бүх худалдан авалт, үйлчилгээг зөвхөн монгол төгрөгөөр хийх, энэ чиглэлийг хууль тогтоомжийг биелэлтэд хатуу хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "НӨАТ-ын хууль дээр жижиг үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд дээр багахан хүндрэл гарчихаад байгаа. Үүнийг засч залруулах үүргийг Сангийн сайдад өгсөн. Ингэснээр Татварын болон бусад шийдвэрийн хүрээнд үйл ажиллагааг нь зогсоож, дансыг нь хаасан аж ахуйн нэгжүүдийн дансыг нээх үүрэг өгсөн. “Ингэж байж тэр хүмүүсээс авах ёстой төлбөрөө авч чадна. Үйл ажиллагааг нь зогсоочихоод яаж өр, төлбөрөө авах билээ” гэдгийг хэлсэн. Томоохон бодлогуудыг гаргахдаа та бүхэнтэйгээ хэлэлцэж байж шийдвэрлэнэ. Татварын болон хууль эрх зүйн хяналт шалгалтын орчинд ямар байдлаар үйл ажиллагаа явуулбал Засгийн газар бизнес эрхлэгчдээ илүү дэмжиж туслах вэ гэдэг дээр хэд хэдэн шийдвэр гаргахаар ажиллаж байна. Цаашдаа үйлдвэрлэгчид маань цар хүрээгээ өргөжүүлж, зөвхөн өөрөө өөртөө бизнес хийхээс гадна бүтээгдэхүүнээ гадагш нь экспортолдог болох хэрэгтэй. Үүний тулд та бүхэн маань хөдөлмөрлө. Харин төр засгаас ямар дэмжлэг хэрэгтэй байна, түүнийгээ хэл. Ингэж хамтран ажиллаж байж жижиг дунд үйлдвэрлэл хөгжинэ” хэмээн өчигдөр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Хүнс хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нар Төрийн ордонд хөдөө аж ахуйн салбарын мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагын төлөөлөлүүдийг хүлээн авч уулзах үеэрээ онцолсон юм.