БНХАУ-ын Бээжин хотоос Эрээн хот руу явж байсан зорчигч тээврийн автобус өнгөрсөн шөнө шатсан байна. Автбоусанд 40 орчим монгол иргэн явж байсан талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Бээжингээс Эрээн рүү явсан автобус өнгөрсөн шөнө шатсан. Нийтдээ 40 орчим зорчигч тээвэрлэж байсан. Тэр дунд монголчууд байсан. Одоогоор зорчигчид гэмтэж бэртсэн талаарх мэдээлэл ирээгүй байна. Ямар ч байсан Бээжин дэх Монголын ЭСЯ-ны Консулын газар энэ талаар мэдсэн” гэлээ. Тэгвэл тухайн автобусанд зорчиж явсан эмэгтэйн эгч болох н.Отгонцэцэг гэж хүнтэй утсаар холбогдож мэдээлэл авсан юм. Өнгөрсөн шөнө 00.00 цагийн орчимд надад дүүгээс маань мессеж ирсэн. “Автобус шатаад бүх бараа, эд зүйлс шатчихлаа” гэсэн. Доороо ачаагаа хийгээд, дээр нь сууж явдаг олон улсын автобус. Шөнө явж байхдаа араасаа шатсан гэнэ. Шатах үед 37 монгол иргэн байсан. Тэр автобусанд зөвхөн монголчууд л сууж явсан юм байна лээ. Хамгийн сүүлийн хүн үсэрч буугаад л автобус нь дэлбэрсэн гэж хэлсэн. Үүнээс болоод долоон монгол иргэн паспортгүй, гутал, хувцасгүй үлдсэн аж. Автобус компанийнхан монголчуудыг ойролцоох буудалд оруулж өгсөн гэлээ. Харин автобус компанийхан техникийн буруугаас болсон тул бид ямар нэгэн хариуцлага хариуцахгүй гэсэн тайлбар хэлсэн гэж байна. Элчингээс хүн ирээгүй гэсэн. Бээжингээс гурван цаг яваад л шатсан юм билээ гэж хэллээ.

М.Буян