Монголын ард түмэн энэ дайнд шууд гар бие оролцоогүй ч Монгол Улсын хөгжил, дэвшил, тусгаар тогтнолыг ЗХУ-тай шууд холбон үзэж байсны хувьд дайн эхэлсэн өдрөөс Гитлерийн Германы эсрэг Зөвлөлтийн ард түмний хийж буй ариун тэмцэлд нэгдэн орсон юм.

 

Зөвлөлтийн ард түмний эх орны аугаа их дайн эхэлсэн тэр өдөр 1941 оны 6 дугаар сарын 22-ны өдөр МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчид, БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид, Ардын СнЗ-ийн хамтарсан хурал болж ЗХУ-д Гитлерийн Герман халдан довтолсныг эрс жигшин эсэргүүцэж байгаагаа мэдэгдэхийн хамт Монголын ард түмэн Зөвлөлтийн ард түмэнтэй гар гараасаа барилцан явж, Монгол-Зөвлөлтийн 1936 оны харилцан туслах протокол гэрээгээр хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлэхэд бэлхэн байгаагаа илэрхийлээд, ЗХУ-д бүх бололцоогоор туслахыг ард түмэндээ уриалсан юм.

 

Маргааш өдөр нь буюу 6 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатарын өргөн чөлөөнд нийслэлийн иргэдийн цуглаан болж, Зөвлөлтийн ард түмэн, улаан армид “өөрсдийн хэр чинээгээр тусламжийг үзүүлэхэд бэлхэн” гэдгээ илэрхийлж байв.

 

Ийнхүү Монгол Улс эх орны дайны үед ЗХУ-ын талд баттай зогсож, фашизмын эсрэг эвсэлд оролцох байр сууриа дэлхий дахинд эн тэргүүнд албан ёсоор зарласан анхны улсын нэг болжээ.

 

Монголын ард түмэн Зөвлөлтийн Улаан армид сайн дураар туслах хөдөлгөөнийг энэ цаг үеэс эхлэн олон хэлбэрээр өрнүүлж, “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” гэсэн уриан дор дайны жилүүдэд ажиллаж, амьдарч эхэлсэн юм.

 

Энэхүү тусламжийг улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, үзэл суртлын хүрээгээр тодорхойлж болох ба хэлбэрийн хувьд хүнс, хувцас, агт морь, мал, мөнгө төгрөг, алт үнэт эдлэл, зэвсэг техникээр туслах зэрэг биет тусламж, захидал илэрхийлэлт бичих, тус улсад амьдарч буй Зөвлөлтийн иргэдэд тэтгэвэр, тэтгэмж олгож байсан гэх зэргээр сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн хэмээн ангилан үзэж болно.

 

Дайн эхэлсэн тэр үеэс үйлдвэрийн ажилчид төлөвлөгөөгөө 400 хувиас доошгүйгээр давуулан биелүүлэх, ээлжийн амралтаа авахгүй ажиллах, өдөр бүр 2-5 цаг илүү ажиллах, амралтын өдрөөр ажиллан Улаан армид туслах хөрөнгө хуримтлуулах санаачилга гаргасныг бүх л үйлдвэрийн ажилчид дэмжин амралтын өдрүүдэд ажиллах явдал улмаар нийтлэг үзэгдэл болжээ.

 

Зөвлөлтийн ард түмэнд туслах хөдөлгөөн ажилчин, малчин, сэхээтэн, цэргийн алба хаагчид болон өндөр настан, сургуулийн сурагчид, үндсэндээ Монголын нийгмийн бүх л давхаргын дунд аяндаа, сайн дураар үүсэн олон түмнийг хамрах болов. Түүнчлэн ард олноос фронтод мөнгөн тусламж үзүүлэх санаачилга гаргах болжээ.

 

1941 оны ХI сард Улаан армид зориулан монголын ард түмний хуримтлуулсан бэлгийн анхны цувааг илгээв. Түүнд багтсан зүйлийг Аж үйлдвэрийн комбинат, Үйлдвэрийн хоршооллын ажилчид 1941 оны төлөвлөгөөнөөс гадуур, илүү цагаар буюу ням гариг, ээлжийн амралтаараа ажиллан бүтээсэн бөгөөд нийт 15000 цэргийг хувцаслах нэхий дээл, эсгий гутал, үстэй бээлий, нэхий хантааз, цэрэг бүс, 6000 ширхэг ноосон цамц, 440 нэхий хөнжил зэргийг илгээжээ. Энэ нь тухайн үеийн ханшаар 587.000 төгрөгийн үнэ бүхий зүйл байжээ.

 

Зөвлөлтийн Улаан армийн 24 жилийн ойг тохиолдуулан 1942 оны II сард бэлгийн хоёр дахь цувааг илгээв. Гучин долоон вагон бэлгийн цуваанд 148 тн 100 кг төрөл бүрийн мах 8 тн хиам, 10 тн төрөл бүрийн боов боорцог, 4,5 тн тос, 8000 литр архи хийгээд 5,5 сая ширхэг папирос, 2750 хос эсгий гутал, 2706 дах, 4100 дулаан хантааз, 1320 богино нэхий дээл, 6290 хос бээлий, 4500 гэрийн эсгий, 2000 суран бүс болоод савхин гутал, хүзүүний ороолт, хөвөнтэй хувцас, чихэр, лаазтай сүү багтжээ. Түүний үнийн дүн нь 7,187,140 төгрөг болжээ.

 

 

1942 онд Октябрийн хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан бэлэглэлийн гурав дахь цувааг мөн оны ХI сарын 27-ны өдөр Наушкаас хөдөлгөжээ. Монголын ард түмний чин сэтгэл, цаг наргүй хөдөлмөрөөр бүтсэн нийт 236 вагон тэрхүү бэлгийн зүйлст: богино нэхий дээл 30115, эсгий гутал 30500 хос, үстэй бээлий 31257, үстэй хантааз 31090, цэрэг бүс 33300, ноосон цамц 2290, нэхий хөнжил 2011, дах 3050, эсгий гэр 150, гэрийн эсгий 2428, бусад гутал (үстэй сөөхий, цагаан ултай) 2575 хос, эмнэлгийн шаахай 7158 хос, казах эмээл 600; мах 316 тонн, зээр 26758 ширхэг, тос 92 тонн, хиам 84,8 тн, чанамал жимс 12954 кг, чихэр З6900 кг, печень боовны зүйл 70400 кг, эдийн саван 50600 кг оролцсоноос гадна; савхин дээл 150, торгон савхин гутал 150 хос, ажлын савхин гутал З00 хос, цаначны малгай 900, цагаан архи 480 хайрцаг, бичгийн дугтуй 56050, өврийн дэвтэр 27875, нийтийн бэлэглэл 127 авдар, хувийн бэлэглэл 22176, мөн цаг, хутга зэрэг хүний хэрэглээний маш олон төрлийн зүйлс багтжээ. Бэлгийн нийт үнэ нь 9,252,340 төгрөг болжээ.

 

Улаан армийн 25 жилийн ойд зориулсан бэлгийн ээлжит дөрөв дэх удаагийн цувааг 1943 оны III сарын 1-нд явуулжээ. МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбалын ахалсан энэхүү цуваанд: 12 000 хос эсгий гутал, 12000 хос савхин гутал, З000 хос ботинк, нисэгч нарын гутал 500 хос, шаахай 1000 хос, 10 000 шинель, 3066 хөвөнтэй өмд цамц, морин цэргийн эмээл 1000, цэрэг бүс 10500, эсгий гэр 38, унадаг дугуй 628 ба зүйл бүрийн хувцас, хөнжил, сахлын машин, хутга, тамхи оролцуулсан 132 ширхэг бэлэг; нийт 205 тн хүнсний зүйл (цөцгийн тос 68 тн, хиам 80 тн, чихэр боовны зүйл 65 тн), зээр 16745, зэрлэг гахай 715, ятуу 18985, саван 30 тн, улаан архи 33 торх зэргээс гадна хувийн бэлэг 16973-ийг тус тус явуулсан бөгөөд 110 вагон бүхий цувааг хоёр хэсэгт хуваан зохион байгуулж, Ю.Цэдэнбал ба БНМАУ-ын Цэргийн явдлын яамны сайдын орлогч, корпус командлан захирагч Ж.Лхагвасүрэн нараар удирдуулсан, тус бүрдээ арваад хүнтэй төлөөлөгчдийн хэсэг Баруун фронтын 20, 61 дүгээр армийн дивиз, Москвагийн ойролцоох алсын нислэгийн хүнд бөмбөгдөгч онгоцны гвардийн 1 дүгээр дивиз, Төв фронтын танкийн армийн анги, нэгтгэлүүдэд гардуулжээ.

 

Тав дахь удаагийн бэлгийн цувааг 1943 оны 11 дүгээр сарын эхээр Зөвлөлтийн улаан армид илгээжээ. Уг цуваа нь 32 вагоноос бүрдсэн бөгөөд түүнд цэргийн богино нэхий дээл, шинель, үстэй хантааз тус бүр 1200 ширхэг, эсгий болон савхин гутал, үстэй бээлий тус бүр 1200 хос, хүнсний зүйл үхэр, хонины мах 58 тн, зээрийн мах 44 тн, гахайн мах 15,6 тн, хиам 15,9 тн, цөцгийн тос 15,6 тн, нарийн боов 13,1 тн, 4000 орчим хувийн бэлэг багтжээ.

 

Зургаа дахь удаагийн бэлгийн цуваа нь 1945 оны 1 дүгээр сард фронтод хүрсэн бөгөөд түүнд эсгий гутал 31 000, янз бүрийн савхин гутал 1600, цэрэг нэхий дээл 20 000, шинель 2000, ямаан дах 1010, дарга цэргийн суран бүс 22000, үстэй хөнжил 870, эмнэлгийн шаахай 3000, хүзүүний ороолт 2000, ноосон бээлий 2486, гэр 6, эсгий 5408 метр, эдийн саван, махор тамхи 83 гаруй тн, малын ба гахайн мах 158 тн, колбас, шар тос, чанамал жимс бүгд 80 шахам тн, зээр 14424, шувууны мах 2364, сүлжмэлийн зүйл ширхэг буюу хосоор 4920 зэрэг нийт 36 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, хувийн бэлэг 12460 багтсан 127 вагоноос бүрдэж байв. Цувааны 102 вагоныг Наушкаас, 25 вагоныг Чойбалсан станцаас тус тус илгээсэн бөгөөд нийт үнэ нь 8 сая төгрөг байжээ.

 

Сүүлийн хоёр цуваанд “Хувьсгалт Монгол” танкийн бригад, “Монгол ард” эскадрильд зориулсан бэлэг багтсан ажээ.

 

Монголын ард түмний хөрөнгөөр байлдааны зэвсэг хэрэгсэл бэлтгэж өгөх нь тусламжийн онцгой чухал хэлбэр хэмээн Монголын төр засаг үзсэн тул 1942 оны I сард хуралдсан БНМАУ-ын 25 дугаар Бага Хурлаас ”Хувьсгалт Монгол Улс” гэдэг нэртэй танкийн цувааг байгуулж, Зөвлөлтийн баатарлаг Улаан цэрэгт бэлэглэх, уг танкийн цуваа байгуулах хөрөнгө хуралдуулах ажлыг зохиохыг Засгийн газар даалгасан тогтоолыг гаргажээ. Энэ дагуу манай улсын засгийн газраас 2,5 сая төгрөг, З00 кг алт, 100 000 америк долларыг 1942 оны II сард ЗХУ-ын Гадаад худалдааны банкинд урьдчилан шилжүүлсэн ба мөн оны I-ҮII сарын хооронд ард олноос 2 сая орчим төгрөг цугларсан байв.

 

Энэ бүхний үндсэн дээр танкийн бригадыг ЗХУ-д үйлдвэрлэсэн Т-34 загварын танк 32, Т-70 загварын 21, бүгд 53 танкаар бүрдүүлэн байгуулж, 1943 оны I сарын 12-нд Москвагаас холгүй орших танкийн 112 дугаар бригадын бүрэлдэхүүнд Монголын ард түмний бэлгийн гурав дахь ээлжийг хүргэн очсон маршал Х.Чойбалсан тэргүүтэй төлөөлөгчид хүлээлгэн өгчээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Колонна танков, подаренных монгольским народом Красной Армии.