Ардчилсан нам “Намаа шинэчилье” гэх санаачилга гаргасан гишүүдийнхээ саналыг дэмжиж, шинэчлэлтэй холбоотой санал боловсруулах ажлын хэсэг байгуулсан тухайгаа олонд түгээлээ.

Тус ажлын хэсгийг П.Галиндэв ахалж, нарийн бичгийн даргаар Ө.Шижир, С.Дэмчиг, Ж.Ганхуяг, Ш.Отгон-Өлзий, П.Нүрзэд, Ж.Эрдэнэцогт нарын 17 гишүүн ажиллах аж. Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярын тушаалаар байгуулагдсан тус ажлын хэсэг намын шинэчлэлтэй холбоотой санал, дүгнэлт боловсруулж, намынхаа удирдлагад танилцуулах үүрэг хүлээх юм байна.

Гэвч тэд чухам юуг, яаж шинэчлэхийг хүсч байгаа бол. Эрх баригч намын байр сууринаас УИХ-д бүлгээ арайхийн байгуулах хэмжээнд хүртлээ унасан “ардчилагчдын” шинэчлэл нь юу бол.

Өнгөц харвал шинэчлэлийн хөдөлгөөнийг залуус эхлүүлсэн төдийгүй тэдний үеийнхэн ажлын хэсэгт багтаж байгаа учраас нийгэмтэй хөл зэрэгцэнэ гэх бодол, сэтгэгдэл төрөх биз.

Тэр ч байтугай АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярын “Шинэчлэл” санаачилгыг гаргасан намын гишүүдийн санаачилгыг дэмжин намын шинэчлэлийг боловсруулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай” гэсэн тушаалд 19 хүний нэр зоолттой бий. Тэдгээр нь үндсэндээ залуучууд л даа.

Гэвч АН-ын шинэчлэл чухам юу байж, улс төрд шинэ эргэлт хийх бол гэдэг нь эрхгүй олны анхаарлыг татна. Үнэхээр дотоодын олон фракциасаа эхлэх үү, шинэчлэл нэрээр залуучууддаа халаагаа өгч буй дүр эсгэн, утсан хүүхэлдэй болгох уу.

Намаа шинэчлэхийг хүсэгчид УИХ-ын болон НИТХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн гол шалтгаанаа намын дүрмээ шинэчлээгүй, намаа цөөн хэдэн фракцийн дарга нарт ээлжлэн удирдуулснаас болсон гэж буй учраас эхний ээлжинд намын Их хурлаа хийж, Үндсэн дүрмээ шинэчлэх, ээлжит сонгуулиар ялагдал хүлээсэн намын удирдлагуудаа өөрчлөх асуудлыг хэлэлцэх ёстой гэж үзээд байгаа.

Мэдээж сүүлийн жилүүдэд “том дарга” нараа солиогүй намын хувьд тэднийг солих нь шинэчлэл мэт харагдах биз. Гэвч АН-ын гишүүд дундаас өнөөгийн нөхцөл байдлаас дээрдүүлээд аваад явчих, намаа толгойлох хэмжээний улстөрч бий болов уу.

Олон фракци нь хүн хүчээр арвин, мэдлэг боловсролтой залуусаар хүрээгээ тэлж байгаа гэдэг ч үнэн чанартаа өөрсдийн хүрээллээ зузаатгаж, нам доторх өөрсдийн байр сууриа бататгахын тулд “цүнх баригч”-даа даллан дуудаж, улс төрд хөл тавиулсаар байгаа.

Тэгэхээр намыг өнөөгийн нийгэмд хөл нийлүүлэн удирдаж авч явах нь залуус гэсэн байдлаар хандаж байгаа гэхэд бэрх.

Тэдгээр залуус нь намын дүрмээ шинэчлэхээс эхлээд олон шаардлагад нийцсэн шинэчлэл хийхгүй, улс төрд “уруу татагчийнхаа” зааварчилгаагаар л явах биз. Нөгөө “аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэгч л болно.

Учир нь, АН бол тийм ч хуучирсан нам биш. Саяхан л байгуулагдаж, Монгол Улсад ардчиллын салхи сэвэлзсэн. Тиймдээ ч улс төрийн туршлага муутай гэж чичлүүлдэг. Гэтэл байгуулагдаад 20 гаруйхан жил болчихоод үндсэн дүрэм зэргээ эхнээс нь дагаж мөрдөөгүй шахам байснаа шинэчлэл яриад байхаар дараагийн удаа ч итгэхэд хэцүү.

Ардчилагчид ид залуу халуун насандаа л жагсаал, цуглаан хийж эх орноо мандан бадруулах их үйлсийг “авч” ирсэн. Гэтэл төд удалгүй өнөөгийн нөхцөл байдлыг бий болгох сууриа тавьсан гэхэд нэг их хилсдэхгүй. Олон намын олон ургальч үзлээр хөгжүүлнэ гэсэн биш олон хүний ач тус хариулах, фракцийн бүлэглэлийг бий болгочихоод одоо хэрхэхээ мэдэхгүй шахам тэвдэж суугаа.

Хэд хэдэн удаа залууст итгэж төрөө бариулсан монголчууд энэ удаа шинэчлэл нэрээр нүүрээ угааж, хувцсаа сольсон ч байсан АН-д тийм ч таатай хандахгүй л болов уу. Улс төрд шинэчлэл гэж чухам юу юм бэ. Намын удирдлагуудаа сольж, залууст өгөхийг хэлээд байна уу. Цоо шинэ үзэл баримтлалыг бий болгохыг хэлээд байна уу.

Эргэлзэхэд учир бий. АН-ын хувьд үзэл баримтлал, дүрэм, журам зэргээ шинэчилнэ гэдэг нь ёстой л “ус үзээгүй байж хормой шууна” гэдэгтэй хорших биз. Одоогийн үзэл баримтлал, дүрэм, журмаа хүндэтгэн, улам бүр баяжуулж байсан бол өдийд амаа бариад суух хэмжээний хүмүүс уг намын толгойд уг нь байгаагүй. Харамсалтай нь хэд хөгжихийг, намаа улам бүр бататгахыг хүсээгүй л болов уу.

Мэдээж АН-ынхан дотор “аятайхан, сийрэгхэн толгойтой” нөхөр байхгүй биш байгаа. Даанч олондоо хавчигдаад, тэр бүр өөрийгөө илэрхийлж чадахгүй, нууцхан толгой сэгсэрч яваа.

Ядахад фракци гэж намын аппаратаасаа том бүлэглэлд хамарчихаар бүр ч хөдлөх боломжгүй болчихоод байдаг. Энэхүү бүлэглэл гээчийнхээ ачаар удирдлагууддаа үнэн үг хэлж чадахгүй, өлбийгөөд л явж буй болов уу.

Тийм ч болохоор АН-ын нүүр царай болчих дорвитой хүн үгүй мэт харагдаж, цөөн тооны хүн л намын удирдлагыг гартаа авахаар тооцогдож байгаа. Ингээд харахаар АН-ын шинэчлэл гэдэг нь дүр эсгэсэн зохион байгуулалттай үйл явц мэт харагдаад байгаа.

Юутай ч намын шинэлчлэлийг хэрхэн хийдгийг ардчиллын салхийг сэвэлзүүлээд, ард олноо мартсан АН-ынхан хэрхэн үнэлдэг юм бол доо, хөөрхий. Харж л байхаас.