Өнөөдрийг хүртэл иргэд сугалаатай баримтаа бүртгүүлсээр байгаа билээ. Тэгвэл энэхүү хуулийн хэрэгжилтийн буянаар хэсэг хүмүүсийн "АЗ, ОД" гийсээр явна.

2016 он солигдож эхний өдрөөс л НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхлээд хагас жилийн нүүрийг үзэж буй. Гэтэл олныг шуугиулан байж эхлүүлсэн сугалаатай баримт гэгчийн ид шид тийм ч таатай бус.

Тодруулбал, олон жижиг бизнес эрхлэгчдийн наймааг боомжилж, хэдэнтээ хэл ам дагуулсан. Тухайлбал, жижиг дэлгүүр ажиллуулж өрхийн амьжиргаагаа залгуулдаг хүмүүсийг заавал сугалаатай баримт хэвлэдэг кассын машинаар үйлчил гэсэн дарамт үүсгэсэн юм. Эдийн засгийн хямралтай байгаа энэ цаг үед зарим иргэд талхыг хувааж авдаг талаар өвөлжингөө л ярьсан. Ургамлын тос, давс, гурилаа килограммаар биш граммаар худалдан авдаг. Будааг ширхэгээр нь тоолж авах нь л холгүй байна.

Гэтэл мөнөөх сугалаа гэгчээс болоод хэсэгтээ худалдан авагч нар жижиг дэлгүүрүүдээс баримт нэхэж барьц алдуулсан. Зарим дэлгүүр нь үүдээ барихгүй нь тулд хэдэн сарын орлогоороо кассын машин авсан гэж байгаа. Нөгөө хэсэг нь авч чадахгүй л яваагаа учирласаар. Харин энд нэг зүйлийг онцлоход, сугалааны баримт өгч байгаа бүх дэлгүүр, супермаркетууд бараа болгонд НӨАТ- нэмэгдчихсэн байгааг дуулгая. Сугалаатай баримт олгохгүй байгаа дэлгүүр, ТҮЦ НӨАТ-гүйгээр бараа, бүтээгдэхүүнээ борлуулж буй.

Ер нь тэгээд өнөөдрийг хүртэл "АЗ" нь гийхгүй яваа улс тэр баримттай баримтгүй болох л биз дээ. Үнэ нь нэмэгдсэн бараа авлаа гээд ядаж 20 мянган төгрөгийг ганц ч удаа болов хожиж байгаа биш. Тухайлбал, Супер маркетаас жижиг хар талх худалдаж авахад 850-900 төгрөгийн үнэтэйгээр авч байна. Харин НӨАТ ороогүй үнэ нь 800 төгрөг. Мөн Золотая зайрмаг 1045 төгрөгөөр худалдаж авахад НӨАТ ороогүй дүн нь 940 төгрөг. Нүүдэл банш 400гр 3499 төгрөг НӨАТ-гүй 3180. Ингээд бодохоор дор хаяж нэг бараа бүтээгдэхүүнд бид 100-200 төгрөг илүү төлж байна.

Хямралын үед илүү төлөх биш хэмнэх нь чухал. Гэвч иргэдээ бодоогүй бодлогын улмаас бидний халаас нимгэсээр. Сугалаа гэгчид молиго өмхүүлж явна. Нэг хүн 37 удаа азтан болжээ. Их л аз нь гийж дээ. Тохирол явуулахад "но"-байна уу даа гэсэн харыг хэдэнтээ төрүүлээд буй. Тэгвэл мөн л дараах азтан олон хүний хардах сэтгэлийг хөдөлгөж байгааг нуугаад яахав. 79 ширхэг бүүр үүнээс ч илүүг бүртгүүлсэн иргэн ганц ч удаа азтан болоогүй байна. Үгүй ядаж 20 мянган төгрөгийг хожиж ч үзээгүй. Ингээд та дараах сонирхолтой тоо баримттай танилцана уу.

НEbarimt.mn сайтын хэрэглэгчдийн талаарх сонирхолтой тоон мэдээлэл:

Ebarimt.mn нийт 795,000 хэрэглэгчтэйгээс 314,000 нь тогтмол баримтаа бүртгүүлдэг
юм байна.
Оны эхний найман сарын байдлаар хамгийн олон баримт бүртгүүлсэн иргэн 13,808 баримт бүртгүүлжээ.
Харин хамгийн их хэмжээний буцаан олголт авах иргэн 23,256,751 төгрөг авах нь.
Ebarimt.mn сайтад бүртгэлтэй хамгийн өндөр настай иргэн 92 настай. Хамгийн залуу нь гурван сартай.
Нэгэн азтай иргэн 37 удаа сугалаанд хожиж, хамгийн олон удаа сугалаанд хожсон иргэн болоод байна.
Харин сугалаанаас хамгийн их мөнгө хожсон иргэн таван удаагийн тохирлоор азтан болж, нийт 20,080,000 төгрөг хожжээ.
Сугалаа явагдаж эхэлснээс хойш нийт 137,502 азтан тодорсон бөгөөд 46,136 нь хонжвороо аваад байна.
Өдөр бүр 141,230 иргэн 309,686 баримтыг бүртгүүлдэг аж.
Нэгэн иргэн 3,395 удаа Ebarimt.mn сайтаар зочилж, хамгийн олон удаа хандсан иргэн болоод байна.
Өдөрт дунджаар 659,274 НӨАТ-ын баримт хэвлэгдэн гардаг.
Хамгийн олон баримт хэвлэсэн ААН одоогийн байдлаар 11,542,330 НӨАТ-ын баримт хэвлээд байна.