Rokit Bay хэмээн өөрийнхөө уран бүтээлийн нэрийг хайрласан энэ залууг хип хоп сонирхогчид андахгүй сайн танина. Түүнийг шулуун шударга зантай төлөв даруу хэмээн фэнүүд нь үнэлдэг.

Авьяаслаг Монголчуудын шүүгчээр ажиллаж байх хугацаанд нь найман настай балчраас наян настай хөгшид хүртэл андахгүй таньдаг болсон. Тэгвэл тэрбээр "Хариуцлага" цомгоо эцэг, эхчүүдэд зориулан гаргасан аж. Чухамхүү ийн гаргах болсон шалтгаан нь реппер залуутай эцэг, эхчүүд тааралдаад хамтдаа зургаа авахуулахыг хүсдэг байна. Ингэхдээ хүүхддээ хамт авахуулсан зургаа үзүүлнэ гэдэг гэнэ шүү. Үүнд нь Rokit Bay ихээхэн дургүй байдаг аж. Энэ тухай "Манайд эцэг, эхчүүд хүүхдүүддээ хяналт муу тавьдаг. Тоглоом хүртэл нас заачихсан байдаг. Тоглоомын газар тоглох насыг нь харгалзан үзэхгүйгээр шууд л мөнгөө төлж байвал болоо гээд л тоглуулчихна.

Хариуцлага, үүрэг эцэг, эхчүүдэд байх ёстой. Тухайлбал, хүүхэд нь насанд хүрэгчдийн тоглоом тоглож байхад донтлоо боль гэхээс тоглоомыг нь хянаж яадаг вэ гэдгийг анхаардаггүй. Болохгүй зүйлийг болиулах хэрэгтэй. Миний дуунууд гэхэд 16, 18 наснаас дээш насныхан сонсох ёстой нас заачихсан. Гэтэл үүнийг маань бага ангийн хүүхдүүд сонсож байгаад яс хавтайдаг. Тоглолтоор явж байхад үзэгчдийн дунд хүүхдүүд байдаг тийм тохиолдолд хараалын үг хэллэгээ өөрчилдөг. Би хүүхдэд зориулсан дуу хийдэггүй. Эцэг, эхчүүд үүнийг минь зөвөөр хүлээж аваад битгий сонсго гэж хэлмээр байдаг. Хүүхддээ анхаарал тавь" гэв.