Эрх баригч МАН-ын Засгийн газар хүүхдийн мөнгийг танаж, төрийн албан хаагчдын цалинг бууруулахаа мэдэгдлээ.

Тэгсэн мөртлөө дэд сайд гэсэн бэлэгдлийн чанартай хийсэн ажилгүй, хариуцлага ч хүлээдэггүй албан тушаалд 13 хүнийг томилсон. Үнэхээр л тэвчих ёстой зардлуудаа тэвчиж, танах гээд байгаа юм бол иргэдийн хоолны мөнгөнөөс хумсалж, хүүхдийн мөнгөнөөс хасах бус эрх ямба нь ихэдсэн өндөр албан тушаалтнуудаасаа хэмнэлтээ эхэлсэн бол гоё байлаа. Дэд сайдууд дэргэдээ зөвлөхтэй, туслахтай, жолоочтой. Утас, унааны зардал, туслах, зөвлөх, жолоочийнхоо цалин гэсэн зардлуудаа улсаас даалгадаг. Нэг дэд сайдын дор хаяж гурван хүн ажиллана гэхээр 50 орчим хүнийг төрд зүгээр л шахаж байна. Хаана байна тэр төсвийн хэмнэлт...

 

Ер нь МАН-ынхан дэд сайдын томилгоогоороо бүлэг фракцуудынхаа эрх мэдлийн шуналыг л дарах зорилготойгоо харуулсан гэж хэлж болно. Тэгвэл Төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоон дээр ч тус намын бүлэглэлүүдийн тэмцэл ширүүн өрнөж байгаа сурагтай.

 

Эрх баригчид зарим яамны төрийн нарийн бичгийн даргын томилгоог сонгон шалгаруулахаар болж уг албан тушаалд томилогдох ажилтны ажлын байрыг нийтэд, нээлттэй зарлах захиалгыг Төрийн албаны зөвлөлд өнгөрсөн баасан гаригт хүргүүлсэн байна. Хэдий ийм ч МАН-ын Удирдах зөвлөлөөс төрийн нарийнуудын томилгоог нууцаар тодруулж эхэлсэн гэх сурагтай. Наанаа хуулийн дагуу нээлттэй сонгон шалгаруулалт зарласан мэт харагдавч цаанаа төрийн нарийн бичгийн даргын суудлыг 500 саяас нэг тэрбум хүртэл үнэлж байгаа гэсэн яриа улс төрийн хүрээнд ч яригдаж байна. Тодруулбал, аль хэдийн төрийн нарийнд горилогчдын дундах марафоныг явуулж эхэлжээ. Хэн их мөнгөтэй нь өндөр албан тушаалд очно, мэдлэг, туршлага огт хамаагүй гэдэг зарчим МАН дотор үйлчилж буй бололтой. Төрийн нарийний сунгаад оролцогчдоос намдаа хамгийн их хандив өгсөн сонгуулийн үеэр эдийн засгийн болоод бусад зүйлээр ихэд тусалсан хүмүүсийг сонгохоор болсон гэх мэдээлэл байна.

 

Ямартай ч өнөөдрийг хүртэл төрийн нарийнаа тодруулж чадаагүй шалтгааныг мөнгөний бас эрх мэдлийн төлөөх тэмцэлтэй холбож болох нь.

 

Одоогийн байдлаар

Сангийн яам - Х.Ганцогт /ТНБД асан/
- Хууль зүй, дотоод хэргийн яам - Б.Баясгалан / ТНБД асан/
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам - У.Бямбасүрэн /ТНБД асан/
- Батлан хамгаалахын яам - н.Эрдэнэбаатар, Ц.Амгаланбаяр, Х.Батбилэг гэх гурван нэр яригдаж байна.
- Барилга хот байгуулалтын яам - Л.Манлайсүрэн
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам - Б.Баярсайхан /жүжигчин - Б.Амарсайханы эгч/

- Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам - Л.Баяртулга /газрын дарга асан/
- Эрчим хүчний яам - Ч.Саранжав
- Эрүүл мэндийн яам - Д.Очирбат /УИХ-ын гишүүн асан/
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам - Д.Зоригт /Уул уурхай эрчим хүчний сайд асан/ нарыг тус, тус томилно гэх мэдээлэл байна.

24tsag.mn