Оросын нэг алдарт зохиолч “Орос оронд юу болж байна вэ?” гэж асуугаад, өөрөө хариулахдаа “Идэж ууж л байх шив дээ” гэсэн гэдэг. Түүн шиг “Монголоор юу байна вэ?” гэвэл “Дарга болох гэсэн хийрхүү хүмүүс л байх шив дээ” гэхээс өөр хариулт олдохгүй нь бололтой.

Монголчуудын улс төрийн хийрхүү зан 1989 оноос эхэлсэн гэхэд болно. Бараг л 27 жил болох гэж байна. Үүний 25 жилд нь МАН нэг юм ярьдаг. АН нь бас өөр юм ярьдаг. Үүнээс нь болж ард түмэн талцаж хоёр тал болдог. Хамгийн инээдтэй нь тэдний хийрхүү зангаас болж ямар ч ач холбогдолгүй, Монголын хөгжилд нэмэргүй зүйлс нийгэмд чухал асуудал мэт дэвэрч, хөөсөрдөг.

Түүний нэг илрэл нь Улаанбаатар хотын төв талбайн нэр. АН-ынхан Засгийн эрх барихаараа Чингисийн талбай гэж нэрлэхийг хүснэ. МАН нь болохоороо “Чингисийн талбай болгож таарахгүй. Д.Сүхбаатарын талбай гэж нэрлэх ёстой” гэх жишээтэй. МАН нь Д.Сүхбаатараа хүндэлдэг, АН нь Чингисээ дээдэлнэ гэж харгалдах. Хоёулаа л монголчуудын хувьд тухайн цаг үеийнхээ баатрууд, эх орончид. Төв талбайн нэр Чингис эсвэл Сүхбаатарынх байх уу гэдгээс болж хэдэн жил талцаж, хийрхэх ёстой юм бол. Үүнээс өөр хийх зүйл Монгол Улсад байхгүй мэт аяглах юм. Гэтэл энэ хугацаанд Монгол Улсын хөгжлийн хэтийн бодлого алдагдаж, эдийн засгийн хямрал, ядуурал, авлига хээл хахууль тартагтаа тулж төрийн өмчит компанийн дарга болох гэсэн, эсвэл төрийн хаялгатай албанд орж хөрөнгөжих гэсэн хүмүүсийн хийрхүү зан, шуналаас өөр зүйл харагдахаа байв. Юмны наад цаадахыг ялгахгүй хүнд бол Монголоор дүүрэн эх орончид, нэг л их ажил хийж байгаа дүр эсгэгчид. Гараас гарч буй шийдвэр нь ердөө л төв талбайн нэр өөрчлөх төдий. Харин өнөө цагийн залуучууд “Эзэн Чингис нь XIII зууны, Д.Сүхбаатар нь XX зууных. Энэ өнгөрсөн үеийн хүмүүсийн нэрээр төв талбайг нэрлэлээ гээд яах юм бэ” гэж шүүмжлэлтэй хандах болов.

Эндээс харахад нэг үеэ бодвол ард түмэн жижиг сажиг зүйлийг тоохоо больсныг гэрчилж буй хэрэг. Тэр тусмаа ардчилал гэдгийг шударга ёс, дэг журам, стандарт гэж ойлгоод эхэлсэн байна. Үүнийг батлах нэг ярилцлагыг ШУА-ийн философийн хүрээлэнгийн захирал, академич Г.Чулуунбаатар саяхан манай сонинд өгсөн юм. Тэрбээр “Улс төрийн сэтгэл зүйн хувьд монголчууд туйлширсан улстөрчдөөс залхсан. Сүүлийн 26 жилд ардчилал, эрх чөлөөний үзэл санааг бодитой хүлээж авч, язгуур мөн чанарыг ойлгосон. Ардчилал гэдэг нэрийн дор ёс суртахуунтай, дэг жаягтай, хариуцлагатай, ажилч хичээнгүй, соёлтой байх ёстойг монголчууд ойлгож байгаа” гэжээ. Улс төрийн сэтгэл зүйн хувьд хийрхүү, туйлширсан байдлаас монголчууд залхаж эхэлснийг эндээс харж болно. Гэтэл монголчуудын итгэлийг өнгөрсөн 25 жилийн турш хүлээж ирсэн АН, МАН-ынхны үзэл баримтлал, монголчуудын эрх чөлөөний үзэл санааг бодитой хүлээж авч чадахгүй байгааг дээрх төв талбайн талцлаас нь харж болно.

Үнэндээ Улаанбаатар хотын төв талбайн нэрийг өөрчилснөөр монголчуудын хувьд юу өөрчлөгдөх юм бэ. Ямар ашиг тустай юм бэ гэдгийг захын хүн ч хэлж чадахаар болсон байна. Уг нь аль ч нам засгийн эрхэнд гарсан байлаа, Монголынхоо хөгжлийн төлөө зүтгэх ёстой. Тэд улс орны бодлого л ярих учиртай. Түүнээс нэр, хэлбэр хөөцөлддөгөө болих хэрэгтэй. Үүнийхээ оронд ард түмнийхээ амьдралыг сайжруулах ёстой. Улс орноо хөгжүүлэх үүрэгтэй. Засгийн эрх барьж буй намынхны хийх гол ажил нь энэ шүү дээ.

Сталины тухай нэг онигоо шиг яриа байдаг даа. Сталин нударганчуудыг цаазалж, эд хөрөнгийг нь хураах, Кремлийг хөх, улаан өнгийн алинаар нь будах вэ гэсэн хоёр асуудлыг коммунист намынхаа хуралд оруулсан гэдэг. Зөвлөлийн гишүүд нь Кремлийг улаанаар, хөхөөр будна гэж хоёр талцан маргажээ. Эцэст нь улаан өнгөөр будах шийдэлд хүрэв. Эхний гол асуудлаа хэлэлцэж амжилгүй байсаар хурал өндөрлөх болжээ. Тэгэхэд нь Сталин "За та нарын саналаар Кремлийг улаан өнгөөр будах боллоо.

Харин нударганчуудыг цаазалж, хөрөнгийг нь хураах боллоо шүү" гэжээ. Үүний дараа нударганчуудыг цаазалж, хөрөнгийг нь хураасан түүхтэй гэдэг. Төв талбай Чингисийнх, Д.Сүхбаатарынх байх ёстой гээд талцаад байгаа нь дээрх онигоо шиг л санагдаад байх юм. Ямар ч ач холбогдолгүй аар саархан иймэрхүү зүйлд ач холбогдол өгч хоёр нам нийгэмд хийрхэл, хөөсрөл үүсгэдэг. Олны анхаарлыг иймэрхүү зүйлд хандуулж байгаад цаагуураа идэж уух гэсэн нэг арга нь гэдгийг олон нийт одоо мэддэг болжээ. Улаанбаатарын төв талбайн нэрийг Д.Сүхбаатарын гээд хуучнаар нь нэрлэх шийдвэр гаргаж байх өдрүүдэд улс төрийн хөшигний ард сайдын суудал таван сая ам.доллар хүрсэн гэдэг. Энэ нь бас л талцал, хийрхүү зангийнх нь нэг илрэл.

Таван сая ам.доллар өгч чадахгүй нэг нь шаралхсандаа энэ тухай ам алдсан биз. Төр засгийн албанд очсон нөгөө нь насандаа байхгүй тэнгэрийн хишиг атгачихлаа гэж ойлгодог болов. Таван сая ам.доллараа өгч сайд болж чадсан нь хагартлаа баярлаж байна. Энэ мөнгөө хэд л бол хэд нугалаад олчихдог учраас баярлаж байгаа байх. Төр засагт хэдхэн хүн гарч ялаа шиг баяжих гэсэн хүсэл шуналаас өөр зүйл харагдахаа байв.

Үнэндээ сайд, дарга болно гэдэг хамгийн ялтай ажил. Учир нь тэд зөвхөн Монгол Улсын тогтвортой, аюулгүй байдал, ард түмний эрх ашигт анхаарлаа хандуулж ажиллах учиртай. Ямар ч алдаа гаргах эрхгүй учраас тэр. Харамсалтай нь манай улсад албан тушаалыг хариуцлага гэж харахаа больсон. Тэр тогтолцоо нь дампуурснаас өнөөдөр сайдын суудал таван сая ам.доллар болтлоо хийрхэж байгаа юм. Төр засгийг талцуулж хагаралдуулдаг энэ хийрхүү зангаа больцгооё. Харин хүмүүс сайд, дарга болсноо ял, хариуцлага гэж ойлгодог болсон цагт Монгол Улс хөгжих юм байна.