Орон сууцны ипотекийн зээл 2012 оноос хэрэгжиж эхэлсэн ба одоогийн байдлаар 85 мянган айл өрхийг 5 болон 8 хувийн зээлд хамруулсан байна.

Тэгвэл уг зээлийг цаашид үргэлжлүүлэх үү гэсэн асуулт иргэдийн анхаарлын байд байгаа юм. Зээлээр ч хамаагүй орон сууцтай болох хүсэлтэй иргэд ипотекийн зээлийг олгоосой хэмээн хүсч байгаа нь илэрхий юм.

Ам дамжин яригдаж байгаа зээл олгох асуудалд холбогдох газрууд тодорхой тайлбар өгөөгүй байна. Харин энэ зээлийг цаашид зээлийн эргэн төлөлтөөс шалтгаална гэдгийг СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга Т.Жамбаажамц мэдээллэсэн байна.

Тэр хэлэхдээ: "Ипотекийн зээл гурав дахь жилдээ хэрэгжиж байна. Өнгөрсөн хугацаанд энэ хөтөлбөрт нэлээд өөрчлөлт орсон. Засгийн газраас таван хувийн хүүтэй орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр сонгуулийн өмнө буюу 2016 оны гуравдугаар сард шийдвэрлэж, зохих журамд нь өөрчлөлт оруулсан. Гурав дахь жилдээ хэрэгжиж байгаа хөтөлбөрийн хэрэгжилтийг сайн байгаа гэж үзэж байна. Одоогийн байдлаар 85 мянган айл өрх орон сууцны найм болон таван хувийн зээлийн хөтөлбөрт хамрагдсан. Эдгээр өрхөд 3.8 их наяд төгрөгийн зээлийг олгож, зах зээлд бүрдүүлсэн байна. Энэ бол асар том хөрөнгө. Үүнийг цаашид үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд шинэ Засгийн газар зөв мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Бид олгосон зээлийг үнэт цаасжуулж байгаа. Энэ нь зээлийн эргэн төлөлт, үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан харьцангуй бодитой зүйл. Цаашид ипотекийн зээл үргэлжлэх эсэхийг Монголбанк, Засгийн газрын түвшинд шийдэх байх. Ипотекийн зээлийн хөтөлбөрийн одоогийн санхүүгийн схем бол өөрөө цаашид удаан хугацаанд үргэлжлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, байнгын мөнгөний урсгал эргэн төлөлтөөр дараагийн зээлээ олгоод байх боломжтой” гэсэн байв.

Зээлийн эргэн төлөлтийн хувьд харьцангуй сайн төлөгддөг бөгөөд чанаргүй зээл 0.5 хувийг эзэлдэгаж. Энэ нь цаашид үргэлжлэх боломжтойг илтгэж байгаа юм.

Ц.Соёл-Эрдэнэ Bolod.mn