Их, дээд сургууль, коллеж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт хэрхэн авах вэ гэсэн асуулт олон хүмүүсийн өмнө тулгарч байгаа. НИТХ-аар баталсан “Их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн сурагч оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журам”-ын дагуу хөнгөлөлттэй зорчих эрх бүхий оюутанд карт олгох ажлыг 2016-2017 оны хичээлийн жилд дараах байдлаар зохион байгуулахаар болжээ.

ШИНЭЭР ЦАХИМ КАРТ ОЛГОХ:

  • Шинээр хөнгөлөлттэй зорчих карт авах эрх бүхий оюутан өөрийн сургуульдаа хандан захиална. Сургуулиуд төрийн сангаас тогтоосон хяналтын тоонд багтаан шинээр карт авах оюутнуудын мэдээллийг хянаж, баталгаажуулан ирүүлснийг үндэслээд их, дээд сургуулиудад Нийсэлийн Боловсролын газар, МСҮТ, коллежуудад Нийслэлийн Хөдөлмөрийн газар шинээр олголт хийх юм.


ЦАХИМ ТӨЛБӨРИЙН КАРТ СУНГАХ:

  • Өнгөрсөн хичээлийн жилд нийтийн тээврээр зорчих карт авсан, 2016-2017 оны хичээлийн жилд үргэлжлүүлэн ашиглах нөхцөлийг хангасан оюутнууд картаа сунгуулан ашиглана. Карт сунгуулах оюутнууд мөн өөрийн сургуульдаа хандаж, хураалгана. Цуглуулсан картуудыг жагсаалтаар баталгаажуулаад их, дээд сургуулиуд Нийсэлийн Боловсролын газар, МСҮТ, коллежууд Нийслэлийн Хөдөлмөрийн газарт хандан сунгалт хийлгэнэ.

 

  • Карт шинээр авахдаа өмнөх жилийн адил 3600 төгрөгийн хураамж төлөөд бүтэн жил ашиглах бөгөөд нийт 44 удаагийн эрхийг суулгаж өгсөн байна. Харин сунгалт хийлгэхэд 1000 төгрөг төлөх юм.
  • Өнгөрсөн хичээлийн жилд нийт 57 мянга 681 оюутанд шинээр карт олгосон бөгөөд их дээд сургуулиас гадна 32 МСҮТ, коллежийн захиалга авч хөнгөлөлтийн карт олгож байжээ. Нийтдээ 13 мянга 200 гаруй оюутан суралцсанаас 12 мянга 400 орчим картыг оюутнуудад олгосон байна. Энэ жил мөн 32 МСҮТ, коллежийн 12 мянга орчим оюутны картыг сунгах, шинээр олгох болон алга болсон картыг дахин олгох гэнэ.