Монгол улсад эдийн засгийн хямрал үүсээд хүндхэн байгаа нь гэнэтийн бэлэг биш. АН-ыг төр барьсан цагаас угшилтай. Жишээ татахад, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд 2.7 их наяд төгрөгийг Монголбанкнаас хэвлэсэн. Ингэснээр монгол төгрөгийн ханшийг 600 төгрөгөөр унагасан. Тэгвэл өнөөдөр төсвийн тодотгол хийхээс нааш үгүй болсон. Сандал суудлаа хуваалцаж дуусаад л чуулган хаасан. Ээлжит бус чуулганыг хуралдуулж төсвийн тоодотголын талаар хэлэлцэж буй. Татварыг нэмэх үү, эс нэмэх үү гэдгээ хэлэлцэж эцсийн шийдэлд хүрээгүй байна.

Эдийн засгийн өнөөгийн байдал: Гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл байдлын улмаас эдийн засгийн идэвхжил суларч, 2016 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр ДНБ-ий өсөлт 1.3 хувьд хүрэх төлөвтэй байгаа талаар хуралдааны эхэнд Сангийн дэд сайд Х.Булгантуяа танилцууллаа. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны эхний 7 сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 82.2 хувьтай, нийт зарлага 91 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 2 орчим их наяд төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 8.1 хувьд хүрээд байна. Түүнчлэн 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 1.7 их наяд төгрөгөөр буурах магадлал тун өндөр байгаа юм.

Чанаргүй зээл нэмэгдсэн: Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл нийт активын 60 хувьд хүрчээ. Бизнесийн зээлийн хүү өндөр байгаа тул хүнсний компани болон үйлдвэрүүд ашиг, орлого муудсан байна. Тухайлбал, хүнсний жижиг үйлдвэрийн орлого буурч банкны зээлээ ч төлж чадахгүйд хүрээд байгаа гэдгийг бизнес эрхлэгчид онцлов.

Татвар нэмэгдвэл: Онцгой албан татварыг нэмэгдүүлэх, 2,5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдийн орлогын албан татварыг нэмэгдүүлэх асуудлыг төсвийн тодотголд тусгаад байгаа билээ. Дээр нь НДШ-ийг нэмэгдүүлэх эсэхийг судлах ажлын хэсэг гаргаж ажиллуулахаар болоод байна. Татвар бага байснаар буцаад хөрөнгө оруулах боломж нээгддэг гэдэг. Одоо хэрэгжиж байгаа хуульд ДНБ- 58 хувьтай тэнцэх хэмжээнд зааж өгсөн. Гэтэл өдгөө ДНБ-ний 88 хувьд хүрэх гэж буй юм.

Татвар өгдөг хүмүүсээ ахин дарамтлах хэрэг байна уу Ерөнхий сайд аа. Үүний оронд татвар өгдөггүй хэсгээсээ татвараа авч, улсын төсвөө нэмэгдүүлэх нь илүү. Татвар нэмээд иргэдийн нуруунд ачаа үүрүүлж, ажилгүйчүүдийн хүрээг тэлнэ гэдгийг үл мартаж болно.