Ж.Эрдэнэбатын Засгийн газар ажлаа авснаас хойшх 60 хоногтоо багтаан эдийн засагт “онош” тавьж, эрчимт эмчилгээний үеийн “жор” бичин УИХ-д өргөн барьсан боловч иргэд нь ч, их хурлын гишүүд нь ч энэ удаад дэмжсэнгүй.

Цалин бууруулах, татвар нэмэх тухай Засгийн газрын санал тийнхүү эсэргүүцлийн хана мөргөж, шалан дээр унав. Цаашид зарлагаа яаж бууруулж, орлогоо хэрхэн нэмэгдүүлэх тухай Засгийн газар ахиулан бодох арай хүнд даалгавар хүлээн авлаа гэсэн үг. Залуу бөгөөд шинэ Ерөнхий сайдад энэ нь эхний цохилт, сорилт болж, илүү зөв, илүү оновчтой алхам хийх ирийг өгч хурцалсан байхыг үгүйсгэхгүй. Гэвч бодит байдал буюу өгүүлбэртэй бодлогын өгөгдөл өөрчлөгдөхгүй учраас түүнд цоо шинэ “хорин мянган хувьсагч” олох найдлага бага юм.Засгийн газраас өргөн бариад няцаагдсан татвар нэмэх, цалин бууруулах үндсэн үйлдэлтэй бодлого дунд эрс шийдэмгий бөгөөд муугүй алхмууд бас байсныг зарим хөндлөнгийн ажиглагчид хэлж л байсан. Тухайлбал, Баабар гадаадын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэрх илтгэлдээ ч энэ тухай дурдаж, зөв алхмууд тэр дунд багтсан байгааг дурдаад өнгөрсөн юм. Харин Засгийн газраас өргөн барьсан төслийг УИХ хэлэлцэхдээ тэр дундаас авахыг нь авч, сайжруулахыг нь сайжруулаад явахыг урьтал болгоогүй бүхэлд нь няцаах, нийгмийн сэтгэлзүйд таацуулах чиглэл барьсан нь үнэн юм. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын эхний алхам тийнхүү УИХ дахь намын бүлгээсээ ч, нийгмийн олонхиос ч дэмжлэг авч чадсангүй.
Өндөр цалинтай албан тушаалтнуудын цалинг бууруулах, нийгмийн өндөр орлоготой, үл хөдлөх хөрөнгөтэй хэсгээс илүү татвар авах санал харьцангуй цөөнхийн эрх ашгийг хөндөж байсан ч хүчтэй эсэргүүцэлтэй тулгарлаа. Үнэндээ баялгийн тэгш хуваарилалтыг олон жилийн турш хүчтэй шаардсаар ирсэн нийгмийн олонхид энэхүү алхам илүүтэй таалагдах ёстой атал тэдний дуу хоолой төдийлөн тод сонсогдсонгүй. Харин цалин, татварын хатуу бодлогод хамрагдах харьцангуй цөөнх хэсгийнхний дуу хоолой хүч түрснээс болоод эрх баригчид энэ удаад тэдний эрх ашгийг дагуулан улс төрийн шийдэл гаргаж, Засгийн газрын саналыг эсэргүүцсэн гэхэд болно. Улстөрчдийн нэг гэм нь иргэдээсээ айдаг, айсандаа болоод популизм хийдэг, үүнээсээ болоод эдийн засгаа илүүтэй хорлодог явдал юм. Чухамдаа ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо гэдэг шиг...
Төр, засгийг л яг л үлгэрт гардаг алтан загас шиг хүсэл бүрийг биелүүлэх ёстой гэж боддог болсон иргэд бид ч энэ янзаараа бол даварсаар даварсаар сүүлдээ эвдэрхий тэвштэйгээ л үлдэх бололтой. Нэгэнт бид сонгуулиар төр барих, бодлого тодорхойлох эрхийг нь өгсөн л бол төр засаг ямар шийдвэр гаргана түүнийг нь дагах, хэрэгжүүлэх үүрэгтэй баймаар. Гэтэл зөв бурууг нь дэнсэлж, олонхийн эрх ашиг талаас нь бодохоосоо өмнө зөв доторх бурууг түрүүлэн олж хараад зөвхөн өөрийнхөө ашиг сонирхолд нийцэх эсэх хэмжүүрээр аливааг хэмждэг аминчхан үзэлтэй болчихжээ. Улстөрчдийн сонгуулийн амлалт, сонгогдсоныхоо дараа хэрэгжүүлдэг популизм нь яг түүндээ таарсан гэж жигтэйхэн. Нэгэнт саналаа өгөөд сонгосон бол бодлого шийдвэрийг нь дагах соёл иргэдэд хэрэгтэй. Нөгөө талаас сонгогчдын сэтгэл зүйд юм бүхнийг тааруулах гэж хичээдэг эрх баригчдад зөв гэснээ хэрэгжүүлж чадах эр зориг, эрх мэдлийн ташуур хэрэгтэй болсныг Ж.Эрдэнэбатын Засгийн газрын эхний уналт энэ удаад харууллаа. Уг нь эх оронч байхын тулд иргэд ээмэг, бөгжөө илүүчлэхээ байг гэхэд эхлээд татвараа үг дүүгүй үнэ зөвөөр нь төлж сурах ёстой.
Цагаа тулахаар бид татвараа хүртэл харамладаг, худал хоосон “эх орон” ярьж цээжээ дэлддэг ард түмэн юм байна гэдгийг ч бас саяын явдал харууллаа. Мэдээж, Засгийн газар дараагийн ээлжинд илүү сайн бодлого боловсруулах үүрэгтэй, гэхдээ бас үргэлж бууж өгөх биш, хааяа ч гэсэн ташуур далайлгаж сурах хэрэгтэйг санууштай болов уу.