Манай улсын ажил хийж буй иргэдийн дундаж цалин 888 мянган төгрөг байгаа талаар Үндэсний статистикийн хорооны Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах шинжээч Л.Цэвээнжав мэдээлэв.

Өнөөдөр тус байгааллагаас энэ оны эхний 8 сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулах үеэр ийнхүү онцолсон юм. Ажиллагсдын дундаж цалинг гаргахдаа тухайн сард нийгмийн даатгал төлдөг бүх аж ахуйн нэгжийн ажиллагчдын цалингийн жигнэсэн дунджаар тооцдог аж. Өнгөрсөн сард 37.2 мянган аж ахуйн нэгжийн 576.5 мянган ажиллагч нийгмийн даатгал төлжээ. Үүнээс 500-700 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид хамгийн их буюу 19.7 хувийг эзэлж байгаа бол 300-500 мянган төгрөгийн цалинтай ажилтан 17.5 хувийг бүрдүүлж байна. Хамгийн их буюу 1.3 саяаас 1.5 сая төгрөгийн цалинтай иргэн 4.2 хувийг эзэлж байгаа юм.

Уг үзүүлэлтийг дундажлаж үзэхэд эрэгтэй хүмүүсийн дундаж цалин 934 мянга, эмэгтэй ажиллагсад 833 мянган төгрөгөөр цалинждаг гэсэн үзүүлэлт гарсан байна. Салбараар авч үзвэл хамгийн өндөр цалинг уул уурхай, олборлолтын байгууллагын ажилтан 2 сая 31 мянга, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээний ажилтан хамгийн бага буюу 835.6 мянган төгрөг байгааг Л.Цэвээнжав хэллээ.

Тэрбээр, “Ажилгүйдлийн албанд 131.9 мянган ажилгүй хүн бүртгэлтэй байна. Энэ нь нийт ажиллах хүчний 10.4 хувийг эзэлж байгаа юм. Өнгөрсөн сард Ажилгүйдлийн албанд 29.9 мянган хүн шинээр бүртгүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 1.6 хувиар буурсан үзүүлэлт юм. Сэлэнгэ, Дорнод, Хөвсгөл, Ховд зэрэг аймагт ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 332-729 хүнээр буурсан. Ажилгүй иргэдийн 44.5 хувийг бүрэн дунд боловсролтой иргэд бүрдүүлж байна.

Нийгмийн даатгалын сангийн орлого 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 25.8 хувь, зарлага 1.1 их наяд төгрөг болж 92.6 тэрбум буюу 9.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна” хэмээв.
Эх сурвалж www.wikimon.mn