Нийслэлийн удирдлагаас газрын болон барилга эхлүүлэх зөшөөрөлтөй холбоотой аливаа мэдээллийг нээлттэй ил тод болгож, иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэхийг үүрэг болгосон. Тиймээс нийслэлийн “Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн”-өөр газрын харилцаа, барилгажилттай холбоотой асуудлыг тогтмол мэдээлж байхаас гадна барилгын зөвшөөрөл олгох техникийн комиссын зөвлөлийн хурлыг нээлтэй, ил тод болгосон.  Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар газрын харилцаатай холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын 2013 оны захирамжуудын танилцуулга болон барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, барилга ашиглалтад хүлээн авах үйл ажиллагаатай холбоотой гарсан шийдвэрүүдийн тухай хэлэлцсэн юм.


Хуралдаанд асуудлыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа. Нийслэлийн Өмчийн харилцааны газар энэ оны 1-р сараас эхлэн 10-р сарын 1-нийг хүртэл газрын тухай, хот байгуулалтын тухай  хууль болон бусад хууль тогтоомжийг баримтлан Засаг даргын 44 удаагийн захирамжаар 1 022 иргэн аж ахуйн нэгж байгууллагын 1 573 га газрыг шийдвэрлэсэн байна. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас газрын харилцаатай холбогдуулан гаргасан өргөдөл, хүсэлт, албан бичгийг үндэслэн нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, тус хурлаас зөвшөөрсөн шийдвэр гарсан тохиолдолд газар эзэмшүүлэх тухай нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж байгаа гэдгийг  онцоллоо.


Энэ хугацаанд Засгийн газрын тогтоол, төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээ, авто замын трасст орсон гэх үндэслэлээр Засаг даргын 8 удаагийн захирамжаар 9 байгууллагад 188,1 га газрыг эзэмших эрх олгосон бол холбогдох хууль тогтоомж зөрчсөн, гэрээний үүргээ биелүүлээгүй,  бусдын газартай давхардсан, 2 жил зориулалтын дагуу ашиглаагүй, иргэд оршин суугчдын гомдол зэрэг үндэслэлээр 1 127 иргэн аж ахуйн нэгжийн 114,7  га газрын  газар эзэмших, ашиглах эрхийг Засаг даргын 122 удаагийн захирамжаар хүчингүй болгосон байна.


Түүнчлэн газраа өмчлөх хүсэлт гаргасан 12106 иргэний 509,26 га газрыг өмчлүүлэх шийдвэр гаргажээ.
Харин энэ оны байдлаар барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл хүссэн 648 хүсэлт хүлээн авснаас баримт бичгийн бүрдлийг судлан үзэж, 500 барилга байгууламжид зөвшөөрөл өгсөн байна.   Ямар нэг баримт бичгийн бүрдэл дутуу, дүрэм журам зөрчсөн 148 иргэн, аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгох боломжгүйг албан ёсоор мэдэгджээ. Мөн техникийн зөвлөлийн 10 сарын 2-ны хурлаар хэлэлцэн зөвшөөрсөн дүгнэлт бүхий 4 асуудлыг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцуулсан юм.


Энэ нь ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын барилгын зориулалтаар 0,33 га, 640 хүүхдийн суудалтай сургуулийн зориулалттай 0,33 га, Баянголын амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барих үерийн далан сувгийн барилга байгууламжийн зориулалтаар 10,35 га, аж ахуйн зориулалтаар Мон-Атом компанид 2 га газар эзэмшүүлэхээр техникийн комиссын хурлаар шийдвэрлэсэн байна.  Харин Удирдлагын зөвлөлийн гишүүд Буриад улсын төлөөлөгчийн газрын зориулалтаар олгох 0,33 га газрын байршлыг координатаар тодорхойлж, холбогдох хуулийн дагуу газар олголтыг шийдвэрлүүлэхээр тогтлоо. Харин “Мон атом” компанийн хувьд баримт бичгийн бүрдүүлэлт хангалттгүй, зориулалт нь тодорхойгүй байгаа учраас газар эзэмшүүлэх асуудлыг дахин судлах шаардлагатай гэж үзлээ. Ер нь цаашид газар, барилгын зөвшөөрөл олгохдоо нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн Засаг дарга шийдвэр гаргадаг зарчимд шилжих хэрэгтэй. Нийслэлийн Засаг даргад хуулиар олгосон томоохон эрх нь газар эзэмшүүлэх, өмчлүүлэх захирамж гаргах эрх юм. Тиймээс хууль зөрчсөн, ерөнхий төлөвлөгөөтэй уялдаагүй, зориулалт нь тодорхойгүй зэрэг нөхцлийг нягтлан үзэлгүйгээр шийдвэр гаргахаас сэргийлэхийн тулд газар болон барилгын зөвшөөрөл хүссэн асуудлыг Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлдэг байхаар шийдвэрлэлээ.  Мөн кадастрын зургийг газар эзэмших эрх цуцалсан захирамжтай тулгаж, хүчингүй болсон газруудыг кадастрын зургаас хасч тэмдэглэх үүргийг холбогдох албаныханд өглөө.