“Wall street journal” сэтгүүлд тоймч Жулие Вернау “Өртэй Монголоос хөрөнгө оруулагчид зугтаж байна” гэх гарчигтай нийтлэл бичжээ. Тус нийтлэлийн өмнөтгөлд “Байгалийн баялагтай Монгол ганцаардаж хоцорлоо” хэмээн онцолсон байна. Монголын эдийн засгийн нөхцөл байдлын тухай уг нийтлэлийг бүрэн эхээр нь хөрвүүлэн хүргэе.

 

Дэлхийд хөрөнгө оруулагчдын шинэ гарц олж харж чадаагүй нэгэн булан байдаг. Тэр нь тэрслүү Монгол. Алт, зэсний ашиглаагүй арвин их нөөцтэй, дэлхийн хамгийн сийрэг хүн амтай тус улс хөрөнгө оруулагчдын “сонирхлын төв” болж байсан цаг саяхан. Өнгөрсөн долоодугаар сард түүхийн эдийн үнэ сэргэсэн ч хөгжингүй орнуудад гаргасан бондын өгөөж сөрөг дүнтэй гарч, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасантай холбоотойгоор хөрөнгө оруулагчид зугтаж, тухайн сардаа Монголын өрийн хэмжээ зургаан хувиар өссөн үзүүлэлтэй гарчээ. Наймдугаар сард Монголын Сангийн сайд дотоодын нийт бүтээгдэхүүний 55 хувиас хэтрүүлж болохгүй өрийн тааз 78 хувьд хүрч тавьсан зорилгоос нь хол тасархай зөрсөн талаар мэдээлсэн. Энэ нь Монголын зах зээлд валютын ханш огцом унахад нөлөөлж, үнэт цаас зарах хөдөлгөөн огцом идэвхжсэн юм.

 

Өнгөрсөн сард гэхэд төгрөгийн ам.доллартай харьцах ханш 7.7 хувиар унаж, монгол төгрөг хөгжиж буй орнууд дунд хамгийн сул валютаар тодорлоо. Олон улсын санхүүгийн хүрээлэнгийн Ази номхон далайн бүсийн ахлах эдийн засагч Бежоё Дас Гуптай “Саяхныг хүртэл Монгол Улс дэлхийн зах зээлийн хамгийн “хонгорхон” нь байлаа. Мэдээж тэд юу ч буруу хийгээгүй. Гэхдээ зах зээлээ богино хугацаанд хэвийн болгохын тулд хүнд газардах нь тодорхой” гэжээ. Түүнчлэн “Хаягдсан нь үнэн ч яахаа алдчихсан гэж хэлэхэд эрт байна. Өрийн дарамтаасаа салчихвал хөрөнгө оруулагчид эргэж харах итгэлийн гэрэл асч болох байх” хэмээн онцолж байсан. 2011 онд зэс, алт, төмрийн ханш өссөнтэй холбоотойгоор тус улсын эдийн засаг огцом өсч 17 хувьд хүрч, дэлхийн хамгийн хурдацтай өсөлттэй улс болж байв. Огцом өсөлтийн анивчаад өнгөрөх гэрэлд BlackRock Inc., Franklin Templeton, Goldman Sachs Group Inc, UBS Global Asset Management зэрэг компаниуд тус улсад харамгүй хөрөнгө оруулсан байдаг.

 

Монголын гадаад өр 2015 он хүртэлх таван жилд 264 хувиар өссөн гэсэн судалгаа бий. Оны эхний хагас жилийн байдлаар 11.8 тэрбумын турьхан эдийн засагтай Монголын гадаад өр 22.6 тэрбумд хүрчээ. 21 аймагт хатуу хучилттай зам тавихаар төсөвлөсөн 580 сая ам.доллар бондын өрөө ирэх жил төлөх ёстой. Ирэх 2017 онд төр, хувийн хэвшлийн нийлсэн хоёр тэрбум ам.долларын өртэй гэж ОУВС-ийн мэдэгдэлд тэмдэглэсэн байгааг хөрөнгө оруулагчид олж үзэх боломжтой юм. Хөрөнгө оруулагчдын гол найдвар нь эдийн засгийн өсөлтийн ихэнх хувийг бүрдүүлдэг алт, зэсний уурхай болж хувираад байна. 2015 оны арванхоёрдугаар сард Монголын Засгийн газар “Рио тинто” компанитай 4.4 тэрбум ам.долларын санхүүжилтийн гэрээ үзэглэсэн.

 

Гэвч төслийн хоёр дахь шат болох Оюутолгойн хөгжлийн ажил удааширч, санхүүжилтын хугацаа хэд хэдэн удаа хойшилсон нь Монгол Улс, олборлогч хооронд маргаан үүсгэсэн юм. Хоёр тал маргалдаж байх зуур зэсийн үнэ хоёр дахин унасан. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал улам дордож, өнгөрсөн сараас Засгийн газраас амь тариа хэлбэрийн яаралтай тусламжийн арга хэмжээг авч эхлээд байна. Өнгөрсөн сард Засгийн газар төсвийн зарим зардлыг танаж, бодлогын хүүгээ 4.5 хувиар өсгөжээ. Энэ нь Moody’s болон Standard & Poor’s зэрэг олон улсын үнэлгээний агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дахин бууруулж “хог”-ийн ангилалд оруулсан байна. “Aberdeen Asset Management”-ийн хөрөнгийн менежер Кевин Дали “Хэрвээ Монгол Улс ОУВС-ийн тусламжийг авах юм бол хөрөнгө оруулагчдын итгэл эргээд сэргэнэ” хэмээн онцлов. Олон улсын валютын сангийнхан өнгөрсөн сард Монголд ирээд буцсан байдаг. Түүнчлэн Олон улсын эдийн засгийн институтын багаас “Монгол Улс хөгжингүй орнуудаас хамгийн хэцүү зах зээлтэй орон. Оны эхний найман сарын байдлаар 80 тэрбум ам.долларыг хөгжиж буй орны зах зээлд оруулсан. Наймдугаар сард ам.долларын зээл 14.7 хувиар өссөн” гэжээ. Өнгөрсөн онд Монгол Улсын нийт экспортын 49 хувийг зэсийн нийлүүлэлт эзэлсэн байдаг. Энэ мэт ганц түүхий эдээс хамааралтай орон өндөр эрсдэлтэй тулгарах юм.

 

А.Даваахүү