Дахин нэг сонгуулийн өмнө тулж ирээд байгаа АН-ын лидер гэх тодотголтой нөхдүүд шинэчлэлийн тухай сэдвээс хойш сууж байгаа нь, ҮЗХ-ны хуралдаанаа ч хийж чадахгүй хойш нь шидэж байгаагаас эрхбиш ойлгогдож буй.

Хуралдаж чадахгүй байгаа шалтгаанаа ээлжит бус чуулгантай холбон тайлбарлаад авсан АН-ынхан энэ удаа орон нутгийн сонгуулийг үндсэн шалтгаараа сонгоод байгаа. Тэгвэл намынхаа том ах нарын хөшүүн хойрго байдлыг дүү нар нь шүүмжлэн үгээ хэлцгээж байна. “Нээлттэй АН-Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн”-ийг үүсгэн байгуулагч, зохицуулагч Д.Сайнбаяр хэлэхдээ “-ҮЗХ-ны хуралдааныг хойшлуулах болгонд нэг шалтаг хэлдэг. АН бол ардчиллын үнэт зүйлс, хувь хүний эрх чөлөө, төрийн оролцоо хязгаарлагдмал чөлөөт зах зээлийн үзэл санааг дагадаг хүмүүсийн нэгдэл. Гэвч энэ нам хувь хүний эрх чөлөөг боомилдог нам болж хувирлаа. Одоо байгаа удирдлага нь өөрөө дүрмийн бус. Дээрээс нь үндсэн ажлаа хийхгүй байна. Бидний өмнө хийх ёстой ажил олон байна. Ард түмэн орон нутгийн сонгууль гэхээсээ илүүтэй АН-ыг аль болох хурдан шинэчлэгдэж, шинэ удирдлагаа сонгож, сөрөг хүчний үйл ажиллагаагаа сайн явуулаасай гэж хүсч байгаа. Тэгэхээр ҮЗХ-г хойшлуулж байгаа нь маш хариуцлагагүй үйлдэл. Шуудхан хэлэхэд намын даргаар “хэнийгээ тавих вэ” гэдэг шударга бус өрсөлдөөн, аль фракцын гишүүд ҮЗХ-ны хуралдаанд ирцийг бүрдүүлэх вэ гэдэг ханлигийн системээс бүх зүйл хамаарч байна. Гишүүд нь цуглаад асуудлаа шийдээд л явж байх ёстой. Ер нь ҮЗХ яахаараа хэдхэн цаг хуралдаад тардаг байх ёстой юм. Жүжгийн тавилт уу? Яагаад энэ нөхдүүд өнгөрсөн алдаа оноогоо цэгнээд, тулгамдсан асуудлуудаа шийдээд өдөр болгон хуралдаж болохгүй гэж.” хэмээн хэлж ярьж байна. Мөн тэрбээр “Одоо мөрдөгдөж буй дүрмийн дагуу ротациа хийхгүй олон жил болчихсон, бүрэн эрхийн хугацаа нь дууссан, дүрмийн бус гишүүд ҮЗХ-д үүрлэж байна. Улс орноор жишвэл УИХ-ын бүрэн эрх нь дуусчихаад байхад ажиллах гэж үзээд байгаа парламенттай яг ижилхэн. Дээр нь намаа сонгуульд ялагдуулсан олонлог. Манай нам ҮЗХ-ны гишүүнийг УИХ-д дэвшүүлнэ гэдэг дүрэмтэй. Гэтэл гишүүн бус олон арван хүн УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн. Дараа нь нөхөж ҮЗХ-д гишүүн болж байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, энэ нам алхам тутамдаа дүрмээ зөрчиж байна. Ард түмэн, энгийн гишүүд дэмжигчид шударга ёс, нээлттэй байдлыг хүсч байгаа. Гэтэл үүний бамбай болж байх ёстой АН ялзарч явсаар өнөөгийн Монголын нийгмийн хамгийн муу муухай болгоны үндэс нь болчихсон байна. Фракц хоорондын зөрчил нь улс үндэстний асуудал болж хувирлаа. АН ёс зүй, зарчим, ёс суртахууны хувьд ялзралын дээд цэгт хүрсэн.” хэмээн тодотгож байгаа юм.

Ер нь бол асуудлыг энэ талаас нь харагсад цөөнгүй байгаа. Гол нь намын удирдлагын эрх мэдлийг өнгөрсөн хорин хэдэн жилд хуваан атгаж ирсэн нөхдүүд намаа шинэчлэе гээд байгаа олон мянган хүний хүсэл, эрх ашгийг хүлээж авах уу, уландаа гишгэх үү гэдэг хариулт нэхсэн асуулт болоод байна.

Нэгэнтээ дээрээсээ доошоо авлигын тогтолцоог дэмжигч институци болж төлөвшсөн гэгдээд байгаа АН-ын хувьд намаг балчигаасаа гарахын тулд хувьсгалы салхийг даган намирах ёстой юу гэдэг ч асуудал гарч ирж буй.

Өнгөрсөн жилүүдэд улстөрийн тавцанд АН гэдэг улстөрийн хүчнийг төлөөлж тоглосон хүмүүсийн тухайд сонгуулийн хуулийг өөрчлөх асуудлаар намынхаа бүлгийн хуралдаан дээр хэлж ярьж байсан үгс нь дэлгэгдээд байгааг энэ дашрамд тодотгоё. Тэдний хувьд эрх мэдэл л эхэнд болохоос намын нэр хүнд, алс хэтийн асуудал бүр сүүлд эрэмбэлэгдэж байгаа нь харагдаж байсныг хэлье.

Ямартаа л хотын дарга асан Э.Бат-Үүл “Та бүхэн мэдэж байгаа. Би зарим гишүүдэд хэлсэн. Судалгаагаар иргэдийн улс төрийн намуудад итгэх итгэл буурсан гэх үзүүлэлт гараад байна гэсэн мэдээлэл байгаа. Үнэндээ тийм биш. Улс төрийн намуудын нэр хүнд унаагүй. Улс төрийн намуудын нэр хүнд Англид, Америкт ямар түвшинд байдаг яг л тэр түвшинд л очиж байгаа. Англид бол намууд нийлээд 40 хувийн саналтай. Америкт Бүгд найрамдах нам, Ардчилсан нам хоёр нийлээд 36 хувийн саналтай байдаг. Өөрөөр хэлбэл Монголын улс төрийн зах зээл их либералчлагдаж байна. Одоо бол нэг нь Ардчилалын төлөө нөгөө нь ардчилалын эсрэг гэдэг хуваагдалгүй болсон.

Ардын нам, Ардчилсан намын хувь тэнцүү байна гэж гараад байна. Тэгэхээр одоо 60 хувь дээр намын нэрээр очиж менежмент хийж чадахгүй ээ. Хувь хүнийхээ нэрээр очиж л менежмент хийнэ. Англид ямар байдаг яг л түүгээр л явна. Жишээ нь Англид намын рейтинг судалдаггүй. Лидерийн рейтинг л яригддаг.” хэмээн ярьсан байгаа юм. Тэгэхээр Үүл баатрын хувьд намын нэр сүр чухал биш аж.

Тэгвэл АН-ыг шинэчлэх хүсэлтэй залуус өөр бодолтой байна. АН-ын удирдлагад байсан 60-аад оны зарим нөхөд АН-ын удирдлагаас зохистой түвшинд зайгаа авах ёстой цаг үе ирсэн гэж үзэж байна. З.Энхболд, Н.Алтанхуяг, Х.Баттулга, Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ, Б.Гарамгайбаатар зэрэг өөр хоорондоо байнгын зөрчилтэй нөлөө бүхий улстөрч, фракцын удирдагчдын хэн нэгний нь нөлөө АН-ын удирдлагад байгаа цагт фракц хоорондын зодоон дуусахгүйгээр үл барам АН-ын шинэчлэл, улс орны хөгжилд саад бэрхшээл учирна гэж үзэх залуус АН-д цөөнгүй байх болж. Тэгэхээр шинэчлэл өөрчлөлт хэрэгтэй нь нийгэмд ил харагдах болсон АН-ынхаа ах нарыг зайгаа тавьж өгөхийг шаардах болсон залуус хэр хол явахыг харах болох нь.

Эх сурвалж: Б.Итгэл, Шуурхай.мн