Ардын хувьсгалын 93 жилийн ойгоор Сүхбаатарын талбайд болсон “Улаанбаатарын үдэш” цэнгүүний “3D mapping” шоуг санаачлагчид нь санаагаа нэлээд хэдэн сая төгрөгөөр үнэлүүлжээ. Харин 2011 онд “Зар мэдээ” сонин 70 сая төгрөгөөр үнэлгээгээ тогтоосон гэдэг.

Тэгвэл “Цахилгаан тээвэр” компани 2006 оноос хойш нийтийн тээвэрт оруулсан 50 эко автобусаа 4.2 тэрбум төгрөгөөр үнэлсэн нь манай оюуны өмчийн байгууллагаар баталгаажуулсан хамгийн өндөр үнэтэй патентуудын нэг юм.

Гэхдээ манай жишигт дээрх бүх шинэ санаа, барааны тэмдэгт, патентын үнэлгээний ердөө 10-15 хувийг л оюуны хувь нэмэр гэж баталгаажуулдаг. Энэ нь дэлхийн жишгээс даруй 18-20 орчим хувиар бага дүн аж. Үүний шалтгаан нь оюуны өмчийн бүтээлүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бололцоо манайд тааруу байдагтай холбоотой.

Харин зах зээлийн харилцаа өндөр хөгжсөн орнуудад аливаа брэнд, компаниуд зөвхөн нэрээ ашиглаж мөнгийг төрөл бүрээр “хийх” бололцоо нь өргөн. Тиймээс ч жил бүр брэндүүдийг хамгийн үнэтэй цэнэтэйгээр нь эрэмбэлж, зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч компанийн араас нийтээрээ хуйларч, инновациа ч индексжүүлдэг.

Хөрөнгийн үнэлгээний "АТЕН" ХХК-ийн дэд захирал П.Болормаа оюуны бүтээлүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь манай улсын хөгжлийн нэг тулгамдсан асуудал хэмээв. Тэрбээр “Умард Ирланд, Финландын хоёр судлаачийн хамтарсан “Оюуны чадамж ба үндэсний баялаг” гэсэн бүтээлд улс орны оюуны чадамж болон ДНБ, эдийн засгийн өсөлт хоорондын харилцан хамаарлыг гаргасан байсан. Судалгаагаар тухайн орны ирпдийн IQ дээшлэх тусам амьдралын түвшин нь бас нэмэгддэг нь нотлогдсоныг манай блогчид орчуулан нийтэлж байсан” гэв. Гэтэл монголчууд IQ-ийн түвшнээрээ Дэлхийд зургадугаарт жагсдаг ч ОУВС-ийн мэдээгээр ДНБ-ийөсөлтөөрөө 127 дугаарт эрэмбэлэгджээ. Оюуны өмчийн статистик үзүүлэлтүүд тухайн улсын эдийн засгийн хөгжлийн толь болдог нь Монгол, Орос, Хятадын оюуны өмчийн байгууллагуудын дөрөв дэх удаагийн чуулганд тавигдсан илтгэлүүдээс тодорхой харагдаж байв.

Инноваци буюу оюуны бүтээлийг амжилттай бойжуулдаг орнуудын ДНБ амжилттай өсдөгийг илтгэх ойрын жишээ Татарстан, Казахстан, Хятад зэрэг улс. 2015 оны Дэлхийн инновацийн индексээр Хятад 25 дутаарт жагсаж, амжилтаа үсрэнгүй ахиулсан бол Казахстан бүс нутагтаа цойлсон. Харин Татарстан улс инновацид оруулсан нэг рубль бүр 75 рубль болж өсөхийг тооцоолжээ. Өөрөөр хэлбэл, тус улс оюуны өмчийн үнэлгээг улсын хэмжээнд тооцож үзсэн нэг жишээ юм.

2001-2014 онд манай улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн оюуны нийт өмчөөс тооны хувьд ердөө нэг хувь нь үнэлгээ хийлгэж, түүнийгээ баталгаажуулжээ. Үнийн дүнгээр үзвэл нийт 20 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ хийснийг тус байгууллагын Зохиогчийн эрхийн хэлтсийн дарга Э.Мягмардорж ярьлаа. Тэрбээр үргэжлүүлэн “Компани болон хувь хүмүүс зээлийн барьцаа, үнэт цаас гаргах, шүүхэд хохирол барагдуурх нэхэмжлэддээ ашиглах зорилгоор оюуны өмчийн бүтээлд үнэлгээ хийлгэдэг” хэмээв. Жилд хамгийн ихдээ л оюуны 2-3 бүтээлдээ үнэлгээний баталгаажилт хийлгэдэг байна. Гэхдээ энэ тоо цаашид нэмэгдэх хандлагатай аж.

Энэ дотор банкинд барьцаалах эрэлт манайд нэлээд өндөр байдгийг салбарынхан онцолж байна. Харамсалтай нь Монголын Банкны Холбооны тайлбараар бол оюуны өмчийн эрхийн хамгаалалт хангалтгай хэрэгждэггүй учраас зээлийн эргэн төлөлтийн баталгаа болж чаддахгүй гэж үздэг аж. Гэхдээ өмнө нь “Монгол шуудан” банк барааны тэмдгийг барьцаалж зээл олгож байсан удаа бий. Мөн Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас ч оюуны өмчөө үнэлүүлэн, баталгаажуулж зээл авсан тохиолдол байдаг талаар оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэмбэрэл хэлэв.

IQ ба амьдралын түвшин шууд хамааралтай Үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилладаг тэрбээр “Том компаниуд гаднын банкнаас зээл авах хүсэлтээ илгээдэг. Хариуд нь чи ямар үнэтэй вэ гэж цаадуул нь асуудаг. Үүнд оюуны өмчийн үнэлгээ чухал үүрэг гүйцэтгэдэг” хэмээв. Гэхдээ нийт үнэлгээний 50 хувиас хэтрэхгүйгээр зээл гарах боломжтой байдаг гэнэ.

Монголд хамгийн үнэтэй барааны тэмдэгт нь 3-5 тэрбум төгрөг хүрч байсан бол программ хангамж дээд тал нь нэг тэрбумаар үнэлэгдэж байжээ. Дэлхийн жишигтэй харьцуулахад энэ нь дундаж үнэлэгээ гэдгийг Э.Мягмардорж дарга хэлэв. Хоёр жилийн өмнө Голомт, Худалдаа хөгжил, Төрийн банк болон мэдээлэл технологийн салбарынхан программ хангамжийг банкны барьцаанд оруулах боломжийг судалж, хөндөж байсан ажил хэрэг болоогүй. Хэдий дэлхийн зах зээл дээр программ хангамж маш үнэтэй байдаг ч Монголын банкны салбарт дотоодын мэргэжилтнүүдийн зохиосон программд итгэх итгэл төдийлэн төлөвшөөгүй байгаа аж.

Нөгөө талаар дэлхийн оюуны өмчийн үнэлгээг хийхэд шинэ хандлага давамгайлах болжээ. Технологийн хөгжилтэй уялдан гарч ирсэн аливаа бүтээлийн үнэлгээ цаг хугацаа өнгөрөх тусам буурч буй аж. Ийм эрсдэл өндөртэй бүтээлүүдийг программ хангамж тэргүүлдэг. Гэтэл уран зураг эсрэгээрээ “хөгшрөх” тусам үнэлгээ нь улам нэмэгддэгийн учир нь хүний байгалийн давтагдашгүй суу билгээр бүтдэггэй холбоотой.

Аж үйлдвэрийн өмч бас дээрх хуулиас ангид оршдоггүй. Патентаар хамгаалагдсан эрхэд орон сууц, автомашин гээд биет хөрөнгө шинэ тусмаа үнэ цэнэтэй байдаг жишиг үйлчилдэг. Зөвхөн барааны тэмдэгт л олонд танигдаж, он жил улирахын хэрээр үнэд хүрдэг байна. Үүний шалтгаан нь тухайн барааны тэмдэг бүхий бараа бүтээгдэхүүний борлуулалтын олон жилийн дунджийг харьцуулан тооцдогтой холбоотой.

 

[ЗГМ]