Энэ жилийн “Авьяаслаг монголчууд” шоуны анхны алтан баззерын эзэн болж шуугиан тарьсан Э.Энх-Эрдэнэтэй уулзахаар “Хүчит шонхор” зах орлоо. Тэндхийн гурилын тасгаар орж, худалдагч нараас Э.Энх-Эрдэнийг сураглахад Энхээ өглөөхөн энд явж байсан.

Өөр нэг үйлдвэрт бас ажиллаж байгаа. Тийшээгээ явсан байх гэцгээгээд уг үйлдвэрийнх нь менежерийн утасны дугаарыг өглөө. Ингээд Э.Энх-Эрдэнэтэй яриад маргааш өглөөний 09:00 цагт ажил дээр нь очиж, ярилцлага авахаар тохирсон юм. Тохирсон ёсоор, Төмөр замын вокзалын баруун талд байрлах мянган машины зогсоолын урд талын “Од групп”-ийн гурилын үйлдвэрийн хашаа руу ороод, нэг ажилчнаар нь Э.Энх-Эрдэнийг дуудууллаа. Түүнийг хүлээгээд, үйлдвэрийн хашаан доторх сандал дээр сууж байтал туранхайвтар шар залуу хүрч ирээд сэтгүүлч мөн үү, за ийшээ суучихъя гээд хувцсандаа наалдсан гурилаа гөвөхөөр нь сая л нэг юм танилаа. Учир нь тэрээр “Авьяаслаг монголчууд” шоун дээр дуулж, алтан баззерын эзэн болж байснаасаа хамаагүй жижигхэн, хүүхдэрхүү харагдсан юм. Ингээд энгийн ажилчин ч “Авьяаслаг монголчууд” шоуны анхны алтан баззерын эзэн болж чадсан түүнтэй ярилцлаа.

 

-“Авьяаслаг монголчууд” шоунд яагаад орохыг хүсэв. Энэ тухайгаа сонирхуулаач?

-Манай гэр бүлийнхэн болон найз нөхөд маань намайг энэ шоунд ороод үзээч гэж зөвлөж байсан. Надад ч мөн “Авьяаслаг монголчууд” шоунд ороод, өөрийгөө сориод үзье гэсэн бодол байсан юм. Тиймээс л зорьж очоод, бүртгүүлж оролцсон.

-Бага байхдаа дуулдаг хүүхэд байсан уу?

-Багадаа ер нь дуулж байгаагүй. Сүүлд цэрэгт явж ирээд л ганц нэг дуулж байсан. Цэргээс ирснээсээ хойш л өөрийгөө дуулдаг гэдгээ мэдсэн. 2008 онд цэрэгт яваад 2009 онд цэргээс халагдаж ирсэн.

-Гэр бүлээ танилцуулаач. Ээжтэйгээ өссөн гэж байсан. Эхээс хэдүүлээ вэ?

-Тийм ээ, ээжтэйгээ өссөн. Эхээс бид тавуулаа. Би дээрээ хоёр эгч, нэг ахтай, доороо нэг дүүтэй. Ээж маань одоо тэтгэвэрт гарчихсан байгаа.

-Танайх хэзээ хотод нүүж ирсэн бэ?

-Манайх Дорнодын айл. 2000 онд буюу биднийг бага байхад манайх Дорнод аймгаас Улаанбаатарт нүүж ирсэн. Хотод суурьшаад 16 жил болж байна.

-Эхнэртэйгээ хэзээ танилцаж байв?

-Эхнэртэйгээ 2012 онд танилцаад, 2013 онд гэр бүл болсон. Хамт ажилладаг байхдаа танилцсан. Манайх хоёр хүүхэдтэй. Том хүү маань гурван настай, бага нь ой гурван сартай охин.

-Хэзээнээс ажил хийж эхэлсэн бэ. Хаана, хаана ажиллаж байв?

-Би 2000 онд хотод орж ирээд 2003 оноос эхлэн “Шонхор” захад ажиллаж эхэлсэн. Тухайн үед хүүхдүүдийг ажил хийлгэдэггүй байсан болохоор цагдаад баригдчихна. Тэгээд цагдаагийн өрөөнд өдөржин сууж байгаад л зах тарахаар, орой гэртээ харина. Дараа нь гурилын павилонд гурил өрөгчөөр ажиллаж эхэлсэн. Тэгээд л гурил дээрээ өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Саяхнаас “Од групп”-ийн гурилын үйлдвэрт ажилд орсон. Энэ үйлдвэртээ 24 цаг ажиллаад, 48 цаг амарна. Бусад өдөртөө “Хүчит шонхор” захын гурилын павилон дээр ажиллаж байгаа. Мөн эхнэр маань надтай хамт энэ үйлдвэрт ажилладаг юм.

-Багаасаа ажил хийсэн юм байна. Хэддүгээр анги төгссөн бэ?

-Хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг байсан. Өглөө хичээлдээ явчихаад өдөр ирээд ажлаа хийнэ. Тийм байдлаар явсаар есдүгээр анги төгссөн. Есдүгээр ангиа төгссөнөөсөө хойш “Шонхор” зах дээрээ ажиллаж байна.

-Олон жил гурил үүрч, зөөдөг ажил хийхэд хэцүү байдаг уу. Нуруу өвдөх зэрэг асуудал гарч байна уу?

-Ачаа, бараа ихтэй үед хэцүү. Гэхдээ хэцүү байлаа гээд яахав. Багаасаа ачаа зөөгөөд нуруу жаахан суулттай, намхан болсон. Мөн хааяа нуруу өвддөг болоод байгаа. Гэхдээ нурууны хамгаалалт, бүс хэрэглэдэг болохоор бас гайгүй.

-Аавынхаа тухай ярьж болох уу?

-Аавынхаа талаар сайн мэдэхгүй. Уг нь бол амьд байдаг. Энэ жил буюу намайг бараг 26 нас хүрч байхад над руу залгаад ярьсан. Гэнэтхэн гарч ирэхээр сонин юм байна лээ. Баянхонгор аймгийн Баацагаан суманд амьдардаг юм гэсэн. Надад сайхан санагдаагүй, хачин л санагдаж байсан. Утас дуугарахаар нь аваад “Байна уу хэн бэ?” гэсэн чинь урдаас “Аав нь байна” гэж байсан. 25,26 жил амьдрахдаа аав гэж хэлж үзээгүй байхад гэнэт нэг хүн залгаад аав нь байна гэхээр үнэхээр сонин санагддаг юм байна билээ. Тэгээд би “аан за, за 25 жил яриагүй юм чинь одоо яриад яахав дээ” гэж хэлсэн.

-“Авьяаслаг монголчууд” шоунд ороод алтан баззер авна гэж бодож байсан уу?

-Алтан баззер авна гэж бол төсөөлөөгүй. Гэхдээ нэлээд гайгүй оролцчих юмсан. Болчих байх гэсэн горьдлого байсан.

-Өмнө нь тайзан дээр гарч байсан уу. “Авьяаслаг монголчууд”-ын тайзан дээр гараад сандарсан уу?

-Тайзан дээр гарахдаа хөлрөөд бие чичрээд их сандарсан. Микрофоноо барьчихсан байхдаа хүртэл гар чичрээд хэцүү байлаа. Яг миний өмнө уртын дуучин Уранзаяа орсон. Уранзаяа ороод л тэнцээд гараад ирсэн юм. Тэгэхэд нь энэ мэргэжлийн хүн аргагүй байх. Надад бол хэцүү л юм байна гэж бодож байлаа. Тэгээд сандраад, яах учраа мэдэхгүй тайзан дээр зогсож байхад Чука шүүгч чи сандарч байна уу гэж асуусан. Би сандарч байна гэсэн чинь чи сандрахаа боль гэсэн. Тэгээд л сандрахаа больчихсон. Дуулж дуусаад алтан баззер аваад их баярласан.

-Алтан баззер авах үед юу бодогдож байв?

-Би чадах юм байна. Сайн дуулжээ. Дуулж чаддаг байсан юм байна ш дээ, хичээнэ ээ гээд л маш олон юм бодогдсон. Нэвтрүүлэг гарснаас хойш ажлынхан болон найз нөхөд “Чи гоё байсан шүү. Амжилт найз аа. Гоё шүү” гээд л баяр хүргээд байгаа. Цаашид амжилттай дуулахын төлөө хичээнэ дээ.

-Хэзээ шалгаруулалтад орсон бэ. Шалгаруулалтад орсны дараа шүүгчид чамтай уулзаж зөвлөгөө өгсөн үү. “Авьяаслаг монголчууд”-ын зохион байгуулагчид болон шүүгчдээс таньдаг хүн бий юу?

-Таньдаг хүн ерөөсөө байхгүй. Шүүгчидтэй уулзаж үзээгүй байгаа. Би тавдугаар сарын 12-нд шалгаруулалтад орсон. Дараагийн шалгаруулалт, шилдэг оролцогчдын тоглолт хэзээ болохыг мэдэхгүй байна. Монгол HD телевизээс нэг багш гаргаж өгсөн байгаа. Хаяа очиж бэлтгэл хийж, тайзны хичээл заалгадаг.

-Цаашид дуугаа дуулаад явна гэж боддог уу?

-Боломж олдвол дуулаад явахыг их хүсэж байна. Дуулах юмсан гэсэн бодол бий.

-Өрсөлдөгчид ширүүн байна уу?

-Өнгөрсөн жил “Авьяаслаг монголчууд” шоу болчихсон болохоор хүмүүс харьцангуй сайн ойлголттой, яаж оролцохоо мэддэг болчихсон санагдсан. Тиймээс авьяастай, сайн хүмүүс орж байна. Өрсөлдөгчид чанга байгаа.

-Шоунд яаж бүртгүүлсэн бэ?

-Иргэний үнэмлэх, дөрвөн хувь цээж зурагтайгаа очоод бүртгүүлсэн. Харин насанд хүрээгүй хүүхэд бол эцэг, эхээ дагуулж очиж бүртгүүлдэг юм билээ. Бүртгэлийн хураамж гэж авдаггүй. Аль ч шатанд мөнгө, төгрөг авдаггүй юм байна лээ.

-Багш гаргаж өгдөг юм байна. Дараа, дараагийн шатанд хувцас, бусад зүйлсээр хангана гэж байна уу?

-Цаанаас нь дууны бэлтгэл дээр туслах багш гаргаж өгөөд, үнэгүй зөвлөгөө заавар өгдөг. Түүнээс биш хувцас, бусад зүйлсээр хангана гэсэн юм байхгүй ээ. Мөн шүүгчид зөвлөгөө заавар өгдөггүй байх. Тэд зөвхөн шүүгчийнхээ л ажлыг хийдэг юм билээ. Бидэнтэй тааралдаагүй. Мөн шоуны арын алба, хүлээлгийн танхим, шалгаруулалтад орохын өмнө бэлтгэл хийх талбай гаргаж өгсөн зэргээс харахад зохион байгуулалт сайтай харагдсан.

-Оролцогчид өөр, өөр өдөр ээлжээр орж байсан уу?

-Ээлж, ээлжээрээ орж байсан. Шалгаруулалт нэлээд олон өдөр үргэлжилсэн байх.

-Өөрөө өргүй амьдарч байвал боллоо гэж ярьж байсан. Өртэй байгаа юм уу. Эхнэртэйгээ хоёулаа ажиллахаар хүүхдүүдийг нь хэн хардаг вэ. Хоёр зэрэг ажиллаад мөнгө хуримтлуулж чадаж байна уу?

-Өргүй ээ. Өргүй өөрсдийгөө болгоод л амьдарч байвал болоо доо. Нэг өдөр эхнэр үйлдвэрт хонож ажиллаад, хоёр өдөр амардаг. Эхнэр ажилтай үед манай ээж хүүхэд харж өгдөг. Манайх ээжийнхээ хашаанд, Дэнжийн мянгын захтай ойрхон байдаг юм. Мөнгө юм болохгүй л байна. Уг нь хүүхдүүдийнхээ ирээдүйд хэрэгтэй гээд мөнгө хадгалах юмсан гэсэн бодол бий.

-24 цаг ажилладаг гэхээр 24 цагийн турш гурил өргөж, зөөнө гэсэн үг үү. Ямар байдлаар ажилладаг вэ?

-Манай үйлдвэр өглөө найман цагаас ажиллаж эхэлнэ. Зах зээлд худалдаанд гарч байгаа тав, арав, 25, 50-кг-ын гурилуудыг хураана гэсэн үг. Харин үдээс хойш дөрвөн цаг хүртэл ажиллаад, 21:00 цаг хүртэл амралтын цаг байдаг. Энэ хооронд савлагаа зэрэг бусад жижиг ажлуудаа хийнэ. Ингээд 21:00 цагаас хойш өглөө 08.00 цаг хүртэл мөн гурилаа өрнө.

-Ингэж ажиллах хэцүү байдаг уу?

-Ажил гайгүй ээ. Ингэж ажиллаад сурчихсан. Шөнөжингөө ажиллаад өглөө ажил буухад нойр сэргээд, бүр ч гайгүй болчихно. Ажилдаа нэг их түүртээд байдаггүй. Үр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө ажиллаж, хөдөлмөрлөх хэрэгтэй байна шүү дээ.

Н.Ганчимэг