Шинэ Засгийн газар байгуулагдаад хэд, хэдэн яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж, сонгон шалгаруулалтаар тодруулахаар болсон билээ. Харин одоогийн байдлаар Л.Баяртулгыг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны, Г.Нандинжаргалыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар, Д.Даваасүрэнг Гадаад харилцааны яамны, Г.Баясгаланг Хууль зүй, дотоод хэргийн яамны, Г.Өнөрбаярыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийнаар тус тус томилоод байгаа юм.

Тэгвэл Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг тодруулах сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс зарлаад байна. Бүртгэл нь ирэх сарын 17-н хүртэл үргэлжилж, 18-нд шалгалт авах юм байна. Тус яамны Төрийн нарийн бичгийн даргад тус яамны газрын дарга Б.Нямаагийн нэр яригдаж байгаа аж.

Засгийн газраас ирүүлсэн захиалгаар энэхүү ажлын байранд өрсөлдөх иргэнд санхүү, эдийн засагч мэргэжилтэй байх, төрийн албанд 15 болон түүнээс дээш жил, үүнээс санхүүгийн салбарт 10, удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан байх зэрэг шаардлага тавигджээ.

За мөн энэ сарын 29-нд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлын байранд өрсөлдөхөөр бүртгүүлж буй иргэдээс шалгалт авахаар болсон байна.Эрчим хүчний яамны ТНБД-д УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн нөхөр Ч.Саранжав, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны ТНБД-д жүжигчин Б.Амарсайханы эгч Б.Баярсайхан нарын нэр яригдаж байгаа гэх мэдээлэл байна.

Эх сурвалж: Шуурхай.мн