Хүнд гэмт хэрэг хийсэн хүнийг цаазаар авах тухай заалтууд Эрүүгийн хуулинд байгаа. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазаар авахыг хориглосон. Үүнээс болсон уу, нийгэм зэрлэгшсэн үү хүний амь нас хөнөөсөн, хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүс хийсэн хэрэгтээ гэмших нь битгий хэл зэрлэгшиж байна.

Орон нутагт “Чамайг хүүхэдтэй чинь алчхаад 25 жил суугаад гарч ирэх нас байна. Гарч ирээд хамаатнуудыг чинь алаад дахиад орно.” гэж сүрдүүлсэн тохиолдол гарсан. Ерөнхийлөгч цаазаар авахыг хориглосноос хойш хүний амь нас хөнөөсөн болон хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд дээд тал нь 25 жилийн ял өгч байгаа. Уг нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрүүгийн хуулинд цаазаар авна гэсэн заалт байгаа ч шүүгчид цаазаар ав гэсэн шийд гаргаагүй. Ингэснээр бид хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг бүх насаар нь нарсанд тэжээх шийдвэр гаргаж байна. Тэжээхдээ та бидний татварт төлсөн мөнгөөр тэжээж байгаа. Чанга дэглэмтэй хорих анги, гянданд хоригдож байгаа ялтнууд ажил хөдөлмөр эрхэлдэггүй болохоор тэднийг та бидний татвар төлсөн мөнгөөр тэжээхээс өөр аргагүй. Хэрэг хийсэн нь гэмшиж байгаа нэрээр улсаар тэжээлгэж хэрэг хийгээгүй нь тэднийг тэжээхийн тулд цалин мөнгөнөөсөө хасуулж байгаа нь хэр шударга тогтолцоо вэ? Бодох л асуудал.

Цаазаар авах ялыг эргэж сэргээсэн тохиолдолд тухайн ялтан цаазаар авах ялаар шийтгүүлсэн бол шууд тэр дор нь цаазалчихдаггүй. Өөрөөр хэлбэл цаазаар авах ялаар шийтгүүлсэн ялтан амь уучлахыг хүссэн өргөдөл гаргах эрхтэй. Үндсэн хуулийн 36-р зүйлийн 1.2-т заасны дагуу Ерөнхийлөгч түүнийг уучилж, цаазаар авах ялыг нь 30 жилийн хорих ялаар солих бүрэн эрхтэй. Мөн Монгол улсын эрүүгийн хуульд цаазаар авах ялын гүйцэтгэх хэлбэрийг буудан алах хэмээн заасан. Буудан алах явдлыг гүйцэтгэх журмыг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталдаг байсан бөгөөд энэхүү зарлиг төрийн нууцын зэрэглэлд хамааруулсан байдаг. Тэгэхээр хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цаазаар авах эсэхийг Ерөнхийлөгч шийдэх боломжтой.

Цаазаар авах ялтай байх үед Монгол Улсын төр иргэндээ аль болохоор цаазаар авах ял оногдуулахгүй байх, оногдуулсан тохиолдолд түдгэлзүүлэн хэрхэх тухай асуудлыг тал бүрээс нь нухацтай авч үзэх, амийг уучлах зэргээр энэрэнгүй бодлого баримталж ирсэн түүхэн уламжлалтай. Зөвхөн долоон тохиолдолд л цаазаар авах ял оноож байсан.Тодруулбал Эрүүгийн хуулийн 81 (Tөр нийгмийн зүтгэлтний амь насанд халдах), 84 (Хорлон сүйтгэх); 91 (Хүнийг санаатай алах); 126 (Хүчиндэх), 177 (Зандачлах); 1781 (Терроризм); 302 (Төрлөөр устгах) тохиолдолд цаазаар авдаг байсан энэ тогтолцоог эргэн сэргээх хэрэгтэй.

Цаазаар авах нь хүний эрхэм чанар, амьд явах эрх, болон эрүү шүүлт, хүнлэг бус, хэрцгий, доромжилсон хандлага хэмээн хүний эрхийн хуульчид хэлдэг. Үнэн хэрэгтээ гэм буруугүй хүний эрхэм чанар, амьд явах эрхэнд хүнлэг бус, хэрцгий, бүдүүлгээр хандсан этгээдэд л цаазаар авах ял оноож байгаа. Өөрөөр хэлбэл нүдийг нүдээр, шүдийг шүдээр, амийг амиар гэсэн шударга тогтолцоо. Хэрвээ хүний эрхэнд халдаагүй бол хэн ч чиний эрхэнд халдах ёсгүй гэсэн зарчим тогтолцоог хүний ухамсарт суулгаж байгаа үйлдэл юм. Тиймээс цаазаар авах ялыг сэргээе. Шударга л байя л даа Ерөнхийлөгч өө.