Үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоо явуулж байгаа эсэхэд Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны хамтарсан ажлын хэсгүүд газар дээрх хэсэгчилсэн шалгалтыг зарим аж ахуйн нэгжүүдэд явууллаа.

Шалгалтад нэр бүхий зочид буудал, бүрэн дунд сургууль, үнэт эдлэлийн дэлгүүрүүдийг хамруулахад төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийгээгүй, бараа бүтээгдэхүүнийхээ үнийг гадаад валютаар илэрхийлсэн, Монголбанкны зөвшөөрөлгүйгээр тооцооны нэгжээр илэрхийлсэн, цалин хөлсийг төгрөгөөр олгоогүй зэрэг зөрчлүүд илэрчээ.

Илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль”-ийн дагуу шаардлага тавьж, тухайн үйл ажиллагаанаас олсон орлогыг хурааж улсын орлого болгох, улсын байцаагчийн албан шаардлагаар үүрэг даалгавар өгч, мөн таван аж ахуйн нэгжид захиргааны хариуцлага ногдуулж, торгуулийн арга хэмжээ авлаа гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.