Нэг гэр бүлийн хүүхэд том хүн нийлсэн 20 гаруй хүн 2016.10.01-ны өдөр төрсөн өдөр тэмдэглэхээр Баянгол дүүргийн 5-р хороонд байрлах “Хөх хот”ресторанд оржээ. Улмаар тус газраар үйлчлүүлсний төлбөр болгон 300 000 төгрөг төлсөн байна. Харамсалтай уг өдөр хоолонд орсон 20 гаруй хүний 12 нь хоолны хордлого болжээ. Одоогоор хоолны хордлого болсон хүмүүсийн тав нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрээр эмчилгээ хийлгэж байсан хоёр хүний биеийн байдал хүндэрсний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон тул ХӨСҮТ-д хэвтэхээр болсон байна.

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэхээр “Хөх хот” рестораны төлөөлөлтэй холбогдоход тайлбар өгөхөөс татгалзав. Учир нь хоолны хордлого гарсантай холбоотойгоор Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж байгаа аж. Шалгалт дууссаны дараагаар “Хөх хот” рестораноос тайлбар өгнө гэдгийг хэлэв.

Хоолны хордлого болсон 15-60 насны хүмүүсийн байдал дээрдээгүй бөгөөд эмчилгээ хийлгэсээр байгаа гэдгийг эх сурвалж хэллээ.