Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Бронислав  Коморовски энэ сарын 21-нд Монгол Улсад ажлын айлчлал хийхээр болсон юм.
Энэхүү айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Польш Улсын Ерөнхийлөгчтэй ганцаарчилсан ууулзалт болон албан ёсны хэлэлцээ хийх аж.  Мөн УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар Польшийн Ерөнхийлөгчтэй уулзахаар төлөвлөжээ.
 
БНПУ-ын Ерөнхийлөгч Бронислав Коморовскийн товч намтар:

Төрсөн огноо: 1952 оны 6 дугаар сарын 4
Төрсөн газар: Оборники Шлонске хот

Польшийн язгууртан удамтай.  /Бельгийн гүнж Матильдагийн эх Анна Коморовска нь Коморовскийн язгууртан удмынхны нэг юм. Б.Коморовскийн эцэг Зигмунт Коморовски нь Африк судлаач эрдэмтэн, дипломатч байв. Тэрээр Румынд Элчин сайдаар ажиллаж байжээ/

Гэр бүл: Эхнэр, таван хүүхэдтэй

Боловсрол: Варшав хотын 24 дүгээр лицей /1971/, Варшавын Их сургуулийг тус тус дүүргэсэн. Түүхч мэргэжилтэй.

Ажилласан байдал:

1977 - 1980 “Слово Повшехне” сонины туслах ажилтан
1982 - 1989 Непоколанов дахь Шашины дунд сургуульд багш
1989 - 1990 Улс төрийн байгууллага, нийгэмлэгүүдтэй хамтран ажиллах асуудал эрхэлсэн сайдын ажлын албаны дарга
1990 - 1993 Батлан хамгаалахын дэд сайд
1991 - 2010 Сеймийн гишүүн
2000 - 2001 Батлан хамгаалахын сайд
2005 - 2007 Сеймийн Дэд маршал
2007 - 2010 Сеймийн Маршал
2010 оны 7 дугаар сараас БНПУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон /Бүрэн эрхийн хугацаа 5 жил/

Улс төрийн үйл ажиллагаа:

1968 Оюутнуудын улс төрийн эсэргүүцлийн жагсаалд оролцож байв
1971 Эсэргүүцлийн үйл ажиллагаанд оролцсон хэргээр анх удаа саатуулагдсан
1980 “Эв санааны нэгдэл”-ийн гишүүн, тус хөдөлгөөний Мазовше мужийн зохицуулагч. Нэг сарын хугацаагаар хоригдсон.
1981 - 1982 Цэргийн байдлын үеээр Явоже дэх хорих газар хоригдож байсан
1982 - 1989 “АБЦ” нууц сэтгүүлийн редактор
1993 - 1994 “Ардчилсан холбоо” намын Ерөнхий нарийн бичгийн дарга
1994 - 1995 “Эрх чөлөөний холбоо” намын Ерөнхий нарийн бичгийн дарга
1997 - 2001 Консерватив Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Дэд дарга
2001 - 2006 “Иргэний индэр” намын Удирдах Зөвлөлийн гишүүн
2006 - 2010 “Иргэний индэр” намын Дэд дарга