​Дарханы Хонгор суманд аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль мөн л цианиттай болж өнгөрсөн байна.Цианитын хор дэгдэх үеэр байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Н.Лхагвасүрэн аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн юм.

Эрх мэдлээ ашиглана, сурталчилгаа хийгээд хол явахгүй гэж тооцсон гэхээр хууль зөрчсөн үйл явдал дунд энэ нөхөн сонгууль эхэлж дуусав.Улаанбаатарт, хууль хяналт чанга газар бол  бол аль хэдийнэ ийм нэр дэвшигч хасагдаж, асуудал шийдэгдчихсэн байхаар зүйл Хонгорт бол сонин биш зүйлд тооцогдоно. Хүүхдийн концерт, ахмадад шагнал гардуулах арга хэмжээнд өөрийн засаг даргын төрсөн биеэр оролцох, эх орны газар шороог айл өрхөд тавь жараар нь бөөн бөөнөөр нь олгох, хөгшчүүдийг эмч нар үнэ төлбөргүй үзэх алхам бүхэн нь зөвшөөрсөнөөс бусдыг хориглох зарчимтай орон нутгийн сонгуулийн тухай хууль зөрчсөн юм.Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд “Сурталчилгааны үеэр газар олгоно, нэр дэвшигчнамайг сонгоорой гэж хэлээгүй л бол шагнал гардуулахад биечлэн оролцоно, хүүхдийн концерт нүдээр харна” гэж зөвшөөрсөн заалт байхгүй.Зөвшөөрсөнөөс бусад төрлийн арга хэмжээнд оролцох, зохион байгуулах, ивээн тэтгэхийг хориглочихсон хууль. Орон нутгийн сонгуулийн хуулийн 34 дүгээр зүйлийг зөрчсөн нь баримтаар тогтоогдвол ганцхан шийтгэлтэй. Тэр нь зөрчил гаргасан нэр дэвшигчийг шууд хасах, дүрмийн бусаар барилдсан гэж үзэн цолыг нь хүчингүйд тооцдог. 

Нэр дэвшигч биеэр оролцсон бэлэг, шагналын ёслол, хүүхдийн концерт 
Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн 10 дугаар сарын 02-ны өдөр Салхит багийн 11 дүгээр сургуульд болсон ахмадад шагнал гардуулах, хүүхдийн концертонд Н.Лхагвасүрэн өөрийн засаг дарга биеэрээ оролцов. Хууль зөрчсөн тухай гомдолд хавсаргасан нотлох баримт нь видео бичлэг.МАН-ын нэр дэвшигч Н.Лхагвасүрэн гол суудлыг эзлэн сууж байна.Орлон тоглогч л биш бол нэр дэвшигч биеэрээ мөн.Сургуулийн захирал, сонгуулийн хэсгийн хорооны дарга Ж.Чулуунцэцэг бүр дугтуйтай юм өгч байна.Хэсгийн хороон дарга сонгууль зохион байгуулах үүрэгтэй болохоос бус нэгийг нь дэмжиж, дугтуйтай юм өгч барьсан бол эрүүгийн хариуцлага хүлээдэг хуультай.Сумын ИТХ-ын дарга Баярмөнх ахмадуудад аймаг, сумын медаль, тэмдэг, жуух гардуулж байхад нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан Н.Лхагвасүрэн алгаа ташаад сууж буй нь тод харагдана.Сумын жуух бичгээ уншиж танилцуулах бөгөөд засаг даргаН.Лхагвасүрэн гэж шагнал гаруудлагч онцлон хэлэхэд, нэр дэвшигч алгаа чанга ташиж буй дүрс бичлэгт үлджээ.Багийн сургуулийн сурагчид европ, монгол хувцастай бүжиглэж, дуулцгааж байна.Тойргийн хороо нь “МАН-аас нэр дэвшигч Н.Лхагвасүрэнг дэмжих ямар нэг үг яриа арга хэмжээний үеэр гараагүй байна” гэж үзжээ.Ямар нэг үг яриа гарсан гараагүйг тэд далдаас сонссон биш мэдэхгүй, юм хэлээгүй байсан ч байлаа гээд нэр дэвшигч биеэр оролцож болохгүй гэсэн хуулийн заалттай.Хүүхэд оролцуулсан, нэр дэвшигчийн гарын үсэгтэй шагнал гардуулсан, төрийн албан хаагч болон нэр дэвшигч оролцсон зэрэг нь бүгд шууд хасагддаг шийтгэлтэй34 дүгээр зүйлийн заалтуудыг зөрчсөн үйлдэл юм. Ахмадын баяр тэмдэглэж болно, нэр дэвшигч л оролцох эрхгүй, толгойгоо ч цухуйлгаж, сүүдрээ ч харуулж болохгүйд хуулийн заалтын амин сүнс нь оршино.Сонгуулийн сурталчилгааны үг хэллэг яг энэ үеэр гараагүй байж болно, нэр дэвшигч биеэр оролцохыг хориглоно. 

Санал авах байр санал худалдах самбар болсон нь 
Хонгор суманд нөхөн сонгууль эхэлсэнээс дуусах хүртэл хугацаанд эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн зөрчил давтагдсан юм.Санал хураалтын өдөр, хэсгийн хорооны байрны үүдэнд оношлуулаарай, үзүүлээрэй гэсэн зарлал хадаатай байж таарав.Бүр амар, айн гэдэг шиг.10 дугаар сарын 11-ний санал хураалтын өдөр эмнэлэг нь ажиллаж, ахмадуудыг хосоор нь, өрхөөр нь барьж аваад үзэж байна. Саналаа өгөх гээд ирэхээр нь ашгүй бариад авлаа гэж хүртэл эмч нь ярилцлага өгсөн бичлэг нотлох баримт нь юм.МАН-ынхан ахмадуудыг үзэж оношлон тулж ажилласан операцаа Эрүүл мэндийн сайдын тушаалыг хэрэгжүүлсэн гэж бухаж байна.Н.Удвал сайдын буруу болох шинжтэй.Дархан-Уул аймгийн өөр сум, багт зүгээр яваа ахмад настанг баривчлах нь холгүй чагнаж оношилсон уу, гэвэл мэдээж үгүй.Эмч нар сонгуульд зүтгэсэн нь төрийн албан хаагчийг санал татах зорилгоор оролцуулахыг хориглоно, зөрчсөн нь тогтоогдвол нэр дэвшигчийг жагсаалтаас хасна гэсэн хуулийн заалт хэрэгжих үндэслэл. 

Эх орны газар шороог наймаалсан нь 
Дархан хот Хонгор сумын заагт сонгуулийн хугацаанд засаг даргын орлогчийн захирамжаар газар өмчлүүлжээ.Сонгуулийн сурталчилгаа 10 дугаар сарын 2-нд эхэлсэн, санал хураалт 10 дугаар сарын 11-нд болсон.Засаг даргын орлогч Д.Ариунболдын гарын үсэгтэй 10 дугаар сарын 04-ний захирамжаар 54 иргэнд, 10 дугаар сарын 08-нд 70 хүнд газар өмчлүүлэх хэмжилт хийжээ.Жил, сараар хүлээсэн хүн олон байхад бөөн бөөнөөр нь ачиж аваачаад яг сонгуулийн үеэр “Энэ танайх шүү” гэж хуваарилсан нь сумын засаг даргын эрх мэдлээ ашигласан үйлдэл юм. Жилд өмчлүүлэх газрыг баг, тосгон бүрээр нь байршил, хэмжээний тухай саналаа боловсруулж, ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулж, аймгийн засаг даргад хүргүүлсэн байх ёстойг хуульчлан заажээ.Н.Лхагвасүрэн энэ саналаа ИТХ-аар хэлэлцүүлээгүй, аймгийн даргын шийдвэр гараагүй байхад орлогчийнхоо гарын үсгээр дур мэдэн, давуу байдал олж авах хууль зөрчсөн алхам удаа дараа хийжээ гэсэн үг.Газар олгох тухай асуудлаар ИТХ хуралдаагүй гэж АН-ын сонгогдсон төлөөлөгчид гэрчилсэн байна.Үүнд үндэслэн Н.Лхагвасүрэн хуурамч баримт бүрдүүлсэн талаарх гомдол цагдаагийн байгууллагад иржээ.Хэрэв болоогүй хурлаас гаргаагүй тогтоол хожим нь үйлдсэн байвал ИТХ-ын сонгуулийн, Газар өмчлүүлэх тухай хууль зөрчсөн төдийгүй хуурамч бичиг баримт үйлдсэн хариуцлага давхар үүсэх юм.Газар хэмжүүлсэн, өмчилсөн гэх хэд хэдэн иргэнН.Лхагвасүрэнд баярласан талархсанаа илэрхийлсэн баримт бичлэг байгаа нь хэнд сонгуулийн давуу байдал олгосныг гэрчилж байна.Үеэс үед өвөг дээдэс халуу амь бүлээн цусаа зориулж өвлүүлсэн эх орны газар шороо болохоос нэг засаг даргын хувийн эдлэн биш юм. Иргэн бүрийг хэнд саналаа өгөхөөс үл хамааран эх орных нь газар шорооноос 0,007 га хэмжээтэйг үнэ төлбөргүй, эрх тэгш олгох хуультай билээ. МАН-ын сонгуулийн сурталчилгаанд явсан 40-93 ДАР дугаартай Пулсар маркийн автмоашин газар олгох, хэмжих ажилд оролцон зөөвөрлөсөн нь мөн дурангийн хараанд буужээ.Хонгорт болсон нөхөн сонгууль ахиад л цианитын хордлого дагууллаа.Хууль зөрчсөн МАН-ын нэр дэвшигч тэр үед байгаль орчны байцаагч байсан юм.Иргэд хохирч үлдсэн, харин албан тушаалтнууд нь шат ахисаар л байна.Хууль зөрчсөний сүүпэр жишээ болсон Хонгорын нөхөн сонгуулийн асуудлыг хууль ялгаж, шүүх шийдэх эсэх л үлдээд байна. 
 

Ж.Гал 


 

Эх сурвалж http://www.info.mn