Ганцхан үдэш 217’635’700 төгрөгөөр шоудаж, миссүүдэд 20 саяыг цацсан Хотын даргад хариуцлага тооц

 

 

“Манай эдийн засаг онгоц шиг нисэж байгаад бууж байна. Буухдаа хатуу буулт хийхээр байна” гэж Эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуун нэгэнтээ хэлсэн юмдаг. Үнэндээ ч нэг хэсэг агаараар дүүлж байсан эдийн засагт хатуу буултаа хийж, одоо бүр мөлхөж байгаа. Ард иргэдийн амьжиргаа эрс доройтож, өдрөөс өдөрт ажилгүйчүүдийн тоо нэмэгдэж ёстой л бүсээ чангалаад зүтгээд байхаас өөр зам үлдээгүй.

 

Золбин ноходоос дорд үзэгдэж, хүний тооноос хасагдсан эдгээр хүмүүс саятан хотын иргэдийн чинь нэгээхэн хэсэг шүү Хотын тансаг дарга аа.

 

Нөгөө л “поп” улстөрийн ярианы гол сэдэв болдог бүтэн талхны мөнгөгүй иргэдийн амьдрал тартагтаа тулж байна. Өөрөөр хэлбэл “Атар” талх бүтэнээр нь худалдан авах мөнгөгүй иргэд таллаж хувааж авдаг эмгэнэлт үзэгдэл ердийн үзэгдэл боллоо. Хоногийн хоолны махаа шулсан яснаас гаргаж авдаг, хаягдал ногооноос ялгажхоногийн хоолны хольцаа хийдэг иргэдийн амьдрал Хотын даргын нүдэнд өртөхөө байлаа.

 

Одоо Нийслэлийн Засаг дарга Су.Батболд тансаг гэгчийн үдшийн шоу, тасархай биетэй миссүүдээр л хотын амьдралыг төсөөлж байх шиг байна. Золбин нохдод спираль тавина ч гэх шиг. Хотоор дүүрэн спиральтай золбин ноход сүлжилдэж, хаа нэгтээ хэн нэгнийг ураад л явж байхаас. Ер нь спиральтай золбин нохдод уруулбал хохь нь л болох нь. Яагаад гэвэл золбин нохдын үржлийг л Хотын дарга хянаж байгаа болохоос биш хэн нэгнийг урахаас нь огт хянаагүй. Гэр хорооллын хог новштой давчуу гудамжинд хэдэн нохой цуглаж, хичнээн хүнийг урж барих нь огтоос хамаагүй. Цаашдаа эдгээр золбингууд үржих хөг нь өнгөрсөн учраас тэр.

 

 

Спиральтай холбоотой хоёр дахь хөндүүр сэдэв нь золбин нохдод 5 тэрбумыг зарцуулж байхаар “Золбин” иргэддээ анхаарал хандуулах. Өнөөдөр орох оронгүй, оочих аягагүй траншейгаар хоноглодог иргэд нийслэл хотод байгааг манай Хотын тансаг дарга нүдээрээ хараагүй ч чихээрээ сонсож л байгаа байлгүй. Золбин ноходоос дорд үзэгдэж, хүний тооноос хасагдсан эдгээр хүмүүс саятан хотын иргэдийн чинь нэгээхэн хэсэг шүү Хотын тансаг дарга аа. Сайхан сэтгэлтэй иргэд л ТББ байгуулан орон гэргүй, тэнэмэлүүдээ өөд нь татаж ажлын байраар хангаж байгаагаас бус нийслэлийн дарга тэнэмэл иргэддээ анхаарсан гэх мэдээ л лав чих шүргэсэнгүй.

 

Су.Батболд дарга аа, одоо ялалтын шок, тансаглалын жингүйдлээсээ газардаж, нийслэлийн иргэдийн дунд орж ажилла одоо.

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөсөн “Face of beauty international-2016” олон улсын миссийн тэмцээнд Нийслэлийн засаг дарга С.Батболд өөрийн нөөц хөрөнгөөс 20 сая төгрөг гаргаж өгсөн нь залуусын хэлдэгээр ариун явдал мөн үү.

 

Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын есдүгээр сарын 29-ний өдрийн “А 687” захирамжаар Улаанбаатар хотноо зохион байгуулах “Face of beauty international” тэмцээнд зориулж 20 сая төгрөгийг засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг зөвшөөрсөн байна Та.

 

Уг нь Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалтыг улс орныг хамарсан болон нийслэл дүүргийн нутаг дэвсгэрийг хамарсан байгалийн гамшиг, нийтийг хамарсан аюулын үед зориулдаг биш бил үү.

 

Бас Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан “Камертон”, “Никитон” хамтлагийн тоглолт буюу“Улаанбаатарын намар” шоуг улсын төсвийн хөрөнгөөр буюу 217’635’700 төгрөгөөр хийсэнбаримт ил боллоо.

 

Арай хэтэрсэн тансаглал юм бус уу Хотын дарга аа. Чухам энэ хөрөнгө мөнгийг хэмнэх гэж хичнээн хүнийг ажилгүй болгож гудамжинд гаргасан гээч. Яг үнэндээ хямарлын хэмнэлтэндээ ч биш намын харъяаллаар л ажилгүйчүүдийн тоог нэмж байгаа шүү дээ. Гэтэл хотын дарга Та“Хямралын хэмнэлт” хийх нь бүү хэл дуу хуур, хүүхэн шууханд 237 сая 635 мянган төгрөгийг цацчихлаа. Хэрэгтэй цагтаа, хэрэгтэй байгууллагад энэ мөнгөөр хөрөнгө оруулалт хийсэн бол чамлахааргүй л тус болох нь мэдээж. Ялангуяа эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтэж, тоног төхөөрөмж, аппаратны асуудал хүндэрсэн өнөө цагт.

 

 

Уг нь ингэж тансагласан улс төрч өөрийн ухамсараар үүрэгт ажлаа өгдөг юм билээ, өндөр хөгжилтэй орны, улстөрийн соёлтой лидерүүд. Та ч гэсэн там тум гадарладаг л байлгүй. Эцэст нь хэлэхэд тансаглалаараа газраас тасарсан Хотын даргад иргэд дургүйцлээ илэрхийлж, энд тэндгүй л үдийн цайны сэдэв болж байна. Су.Батболд дарга аа, одоо ялалтын шок, тансаглалын жингүйдлээсээ газардаж, нийслэлийн иргэдийн дунд орж ажилла одоо.

 

 

 

24tsag.mn