Мушгичих вий дээ, хэвлэлийн эрх чөлөөнд зориулж хэлсэн үг юм шүү дээ. Сая Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эрдэнэт”-ийн асуудлаар сэтгүүлчидтэй өргөн уулзалт хийх үеэрээ тэдний олон асуултад хариулт өглөө.

Энэ уулзалтыг нэлээд бичсэн учраас үргэлжлүүлэх гэсэнгүй. Харин энэхүү уулзалтын үеэр түүний хэлсэн нэгэн үг их таалагдсан нь “Зарим зүйл хуульгүй байсан нь дээр байдаг юм” гэсэн үг. Ер нь тэрээр хэвлэлийн эрх чөлөөний талаар угаасаа ийм л бодолтой явдаг хүн шиг байгаа юм. Одоогоос арав гаруй жилийн өмнө хэвлэлийн эрх чөлөөний талаар өөрийн бодлоо хэлэхдээ “Монгол хүн морио унаад л явж байг. Заавал тэрийг хуульчлах хэрэг юу байна. Түүнтэй адил хэвлэлийн хууль гаргаж сэтгүүлчдийг дөнгөлөх хэрэг байна уу” гэж хэлсэн.

Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалт дээр сэтгүүлч түүнээс “Хэвлэлийн эрх чөлөөний хууль юу болсон бэ, та татаад авчихсан юм уу” гэж асуухад тэр дээрх алдартай хариултаа хэлээд “Хууль хэрэв батлагдсан бол хэвлэлийн эрх чөлөөг боомилох байсан юм” гэж хэллээ. Хууль бол аливаа үйлдэлд хэм хэмжээ тогтоож, ёс зүйн хязгаар босгыг тогтоох л үүрэгтэй. Хууль үнэхээр батлагдсан бол ардчилсан чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд устах байсан байх аа. Гэхдээ Монголын хэвлэл мэдээлэл хуульгүй юм биш, бас хуультай. Үндсэн хуульд иргэн хүн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээр хангагдана гэж заасан. Дээр нь Э.Бат-Үүлийн дөрвөн заалт бүхий Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль бий. Эдгээр хуулийн хүрээнд Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байхад тэгээд болно. Э.Бат-Үүлийн хууль дээр Хэвлэлийн эрх чөлөөний эсрэг хууль санаачлан батлуулахыг хориглосон заалт бий. Үүн дээр Ц.Нямдоржийн гэж хэлж болох Эрүүгийн хуулийн 111 дүгээр заалт буюу “Гүтгэх” гэдгийг аваад хаячих хэрэгтэй. Тэгээд л өөр хуулийн хэрэггүй гэсэн үг. Энэхүү 111 дүгээр заалт нь хэрэг дээрээ томоохон албан тушаалтнуудад зориулсан заалт юм. Тэдний хууль бус үйлдлийн талаар сэтгүүлч дуугарч болохгүй гэсэн дарамт бол энэхүү хуулийн заалт билээ.

Хууль батлагдаж байх нь бусад салбарын тухайд муу юм биш. Харин хэвлэлийн эрх чөлөөний хуулийн тухайд бол хууль батлагдлаа гээд мундаг ариун болчихно гэж ойлгож болохгүй. Чөлөөт хэвлэлээ боомилох үйл явц хууль эрх зүйгээр баталгаажиж, сэтгүүл зүйгээ дарамтлах хэрэгсэл боллоо гэж ойлгох хэрэгтэй. Өнөөдөр харж байхад хувийн чөлөөт хэвлэл мэдээлэл рүү алгуурхнаар дайрч байгаа нь алсыг харсан, муу санаатай, ардчиллын үнэт зүйл болсон чөлөөт хэвлэлийн дархлааг устгахыг зорьсон, нийгмийн сэтгэл зүйг чөлөөт хэвлэлийг үзэн ядах үзэл рүү чиглүүлсэн байдалтай байгаа нь гадны явуулгатай мэт. Зүйрлэвэл, зааныг өдөрт нэг няслахад жилийн дараа үхсэн байдаг гэсэн үзэл санаа философиор явж байх шиг. Монголын сэтгүүл зүй тэнэг биш болохоор ийм л мэдрэмж төрөөд байгаа. Ийм мэдрэмжийг эхнээс нь авч эхэлсэн. Тийм учраас Монголын сэтгүүл зүй яав ч зүгээр суухгүй, дуугүй суухгүй, хөдөлнө.

Бусдын жишээг харъя л даа. Турк бол хөгжилтэй орон. Энэ улс хэвлэлийн эрх чөлөөний хуультай. Тэр хуульд нь “Төрийн эсрэг...” гэсэн заалт хэвлэлийнхэнд зориулагдан тусгагдсан байдаг. Өнөөдөр энэ дэлхий дээр өдөрт хэдэн арваар нь сэтгүүлчдийг баривчлан хорьж, редакцийг нь хааж байгаа улс орон бол эднийх боллоо. Яах аргагүй хэвлэлийн хуультай, тэр хуульдаа сэтгүүл зүйн эрхийг хязгаарлан боомилсон заалттай учраас энэ улсын сэтгүүлчдийн тэн хагас нь шоронд орж, цөөнгүй тооны хэвлэл мэдээллийн байгууллагын хаалгыг лацадлаа. Угтаа тэд ямар ч санаа зорилгогүйгээр сэтгүүл зүйн өдөр тутмын ажил болох болж буй үйл явдлыг мэдээлсэн юм. Ажлаа хийснийхээ төлөө төрийн эсрэг үйл ажиллагааг сурталчилсан хэрэгт хуулийн заалтаар буруудаж ял авч байгаа нь энэ. Ардчилсан Солонгос байна. Эх орон, удирдагчийнхаа эсрэг үзэл санааг дэлгэрүүлэх юм бол... гэсэн заалт тэдний хуульд бий. Хэвлэлийн эрх чөлөөний хуультай улс орнууд гэвэл дэлхий дээр иймэрхүү л улс орнууд байдаг юм шүү дээ. Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний хууль гаргаж гэмээнэ эдний нэгэн адил боллоо гэсэн үг.

Харин бидний үлгэр авч ярих дуртай Америк зэрэг улс орнуудад хэвлэлийн эрх чөлөөний талаар ямар байдгийг хэлье л дээ. Америкийн Үндсэн хуульд “...үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний эсрэг хууль батлахыг хориглоно” гэсэн заалттай. Үүнийгээ л баримтлаад явж байдгаас бус Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний талаар тусгайлсан хууль гаргадаггүй. Хөгжсөн улс орнуудын хувьд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хуулиар шүүх боломжгүй гэж үздэг. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон цагаан ордонд дадлагажигч Моника Ливинский гэж бүсгүйтэй хормой хотны явдал үүсгэсэн нь дэлхийгээр нэг юм болсон. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бөмбөгдөж өгсөн. Клинтон библи дээр гараа тавьж байгаад би тэгээгүй хэмээн хэлсэн. Гэтэл өнөө Ливинский нь бандаашаа нуучихсан байж байгаад гаргаж ирж шинжлүүлснээр бүх зүйл бодитой болсон. Энд юу хэлэх гээд байна гэхээр энэ бүх үйл явдалд хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид маш их хутгалдсан. Хэрэвзээ хэвлэл мэдээллийн хуультай байгаад түүгээр зохицуулагдсан бол аль ч улсын хамгийн өндөр дээд албан тушаалтан бээр шүүх засаглалд нөлөөлж юм уу, библи дээр гараа тавьж тангарагласныхаа маргаашаас эхлээд бичсэн, нэвтрүүлсэн бүх хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг хуулиар дарамтлах байсан. Хуульгүй учраас хувийн чөлөөт хэвлэл мэдээлэл рүү хандсан дарамт нэг ч гараагүй. Эцэстээ Америкийн Ерөнхийлөгч ялагдаж дадлага хийж байсан эмэгтэй ялсан. Хэвлэлийн хуульгүйгээр үнэнийг олж болдгийн тод жишээ бол энэ. Урт удаан хугацаанд үргэлжилсэн энэ маргаантай холбоотойгоор нэг ч хэвлэлийн байгууллага, нэг ч сэтгүүлч хохироогүйг, хуулийн хариуцлагад татагдаагүйг дэлхий харсан.

Тэгвэл өөрийн орны практикаас үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хуулиар шүүж болдоггүй жишээг хэлье. Өнөөдрөөс 26 жилийн өмнө монгол хүн бүр, Монголын бүх хэвлэл мэдээллийн байгууллага социализмын бүрэн төгс ялалтыг магтан дуулж, зүйл бүрээр дэмжин бичиж, хэвлэн нийтэлж байлаа. Өнөөдөр тэр бүхэн худлаа болсон. Социализм, коммунизмыг магтан дуулж, сурталчлан бичиж байсан түүнийг хуулийн тэдийн тэддүгээр заалтаар хариуцлагад татсугай гэх юм уу. Хуульд л захирагдаж амьдрах ёстой. Ингэхээрээ ямар ч цаг үед хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хууль шүүхээр зохицуулж болдоггүй юмаа гэдгийн жишээ энэ. Хүний үзэл бодол яаж ч хувьсан өөрчлөгдөж болно. Өнөөдөр үнэн гэж байсан бүхэн маргааш худлаа болдгийг 26 жилийн өмнөх үзэл бодлоосоо бид харлаа.

Ардчилсан чөлөөт хувийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэг бол ардчиллын үнэт зүйл, улс орны тусгаар тогтнолын баталгаа гэдгийг дэлхий өөрөө тунхагласан юм. Чөлөөт хэвлэл мэдээлэл нь өөрөө хуулийн дарамтанд орж, гадныхны гар хөлийн явуургаар сэтгүүлчид нь байгууллагынхаа эсрэг турхиралтад орох аваас нийгмийн эмх замбараагүй байдал хар аяндаа үүснэ гэдгийг тэдгээр турхирагсад нь мэдэж байгаа. Нийгэм эмх замбараагүй байдалд хүрнэ гэдэг, тэр нь бүр даамжирсаар хяналтаас гарах нь Монголд шунасан гадныхны хувьд нэн таатай үйл явц. Ингэж үймж бужигнасан улс оронд яадаг вэ гэхээр энхийг сахиулах ажиллагаа нэрийн дор том гүрнүүд, мэдээж хамгийн ойроор Хятадын арми НҮБ-ын мандаттай ороод ирдэг юм. Үүний оршил нь эхлээд Монголын нийгмийн сэтгэл зүйн хөтөч болсон чөлөөт хэвлэлийг тогтворгүй, бодлогогүй, редакцигүй, эзэнгүй, хүссэн бүхэн дураараа залж удирдаж байх тийм нөхцөл байдал руу оруулах явдал. Ингээд дараагийн алхам нь Монголын нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх. Ийм л аюул занал айсуй. Тийм болохоор цэргийн сэтгүүлч явсан Ц.Элбэгдорж хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг үгүйсгэж, бүр “Зарим зүйл хуульгүйгээр явахгүй бол болохгүй байна аа” гэдгийг чангаар хэлж байна. Хууль гарвал ардчилсан нийгмийн үйл явдал дунд чөлөөтэй хөрвөж, нийгэмд сигнал өгөн сэрээж байдаг ардчилсан чөлөөт хувийн хэвлэл мэдэээллийн хэрэгсэл боомилогдон устах аюулд орж мэдэх нь гэдгийг тэр мэдэрч байгаа бололтой. Чөлөөт хэвлэл уствал Монголын тусгаар тогтнол устана. Үүнээс өөр ямар ч үр дүн гарахгүй.

П.ХАШЧУЛУУН