Лондонгийн хөрөнгийн биржтэй түншлээд ч хөгжил дэвшлийн зам руугаа нэг л сайн орж өгөөгүй Монголын хөрөнгийн биржийг хувьчлах тухай асуудал 3 дахь жилдээ яригдаж байгаа.

Төсвийн орлого бүрдэхгүй тасалдаад байгаагийн учиг шалтгаан нь хувьчлалаас орж ирнэ гэж тооцсон орлого орж ирээгүйтэй холбоотойг нөхдүүд хэлж байгаа. Монголын Хөрөнгийн бирж, Төрийн банкийг хувьчилж, улсын төсөвт 180 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр Сангийн яамны ажлын хэсэг гарсан ч хувьчлал хийгдээгүй гэдгийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор хэлж буй. Түүнчлэн 2017 онд ямар төрийн өмчит компанийг ямар аргаар хувьчлах вэ гэдгийг бид судалж байгаа, саналаа Засгийн газарт хүргүүлнэ. Эцсийн шийвэрийг УИХ гаргана гэж буй.

Гэхдээ нэг зүйлд анхаарал хандуулах хэрэгтэй. Тухайлбал, Монголын хөрөнгийн биржийг чухам хэдэн төгрөгөөр хувьчлах боломжтой вэ гэдэг дээр нэлээд сайн анхаарах хэрэгтэй юм. Монголын хөрөнгийн биржийг хамгийн багадаа 20 тэрбум төгрөгөөр хувьчлах тухай асуудал яригдаж байгаа. Засгийн газрын өргөн мэдүүлсэн ирэх оны төсвийн төслийг  мэдээж УИХ намрын чуулганаараа хэлэлцэж байж эцсийн шийд гарна л даа. Ер нь бол бодлого боловсруулагч Сангийн яамны зүгээс биржийн хувьчлалаас улсын нэгдсэн төсөвт 20 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ үнэлгээ нь өмнөх засгийн үеийнхээс илүү өндрөөр тооцож оруулж  ирж байгаа мэт харагдавч,  хөрөнгийн зах зээл гэдэг юм санхүүгийн системд ямар том орон зайтай байж болохыг мэдэх хүмүүсийн хувьд бол өндөр үнэлгээ биш л дээ. Үүнийг хэлэх эрхмүүд ч цөөнгүй бий.

Тухайлбал, үнэт цаасны “Новел Инвестмэнт” компаниас Монголын хөрөнгийн биржийн хувьчлалтай холбоотойгоор төсөл хэрэгжүүлэхээр болсноо танилцуулж байсан билээ. Монголын хөрөнгийн биржийн хувьчлалд иргэн бүрийн оролцоог хангахад чиглэж байгааг тэд  онцолж байсан. Хамгийн багадаа 50 мянган иргэн Хөрөнгийн биржийн хувьчлалд оролцуулах боломжтой гэдгийг хэлж байсан юм.  “Новел Инвестмент ”компанийн гүйцэтгэх захирал Д.Ангар хэлэхдээ  “Монголын хөрөнгийн биржийн анхны дуудах үнэ төсөвт тусгасан таван тэрбум төгрөгөөс эхлэх ёстой. Харин иргэн бүр бидний санаачилсан энэхүү төсөлд нэгдэж хамгийн багадаа 100 мянган төгрөгөөр нэгдсэнээр Монголын Хөрөнгийн биржийг хамгийн багадаа 100-150 тэрбумаар хувьчлах боломжтой” гэж байсныг тодотгоё. Хувьчлалд олон иргэн хамрагдах тусам Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг олон нийтийн хяналттай болгох, нөгөө талд Хөрөнгийн бирж ашигтай ажиллах хэрээр оруулсан хөрөнгө нь өсөх боломжтой гэж байсан.

Тэгэхээр хувьчлал нэрийн дор төрийн өмчийг хэдхэн олигархиуд хувааж авдаг хуучин зарчимтай явж ирсэн бид иймэрхүү шинэ салхийг бас анзаарч, анхаарал хандуулахад илүүдэхгүй биз ээ.

Эх сурвалж: Шуурхай.мн